Байгалийн гамшигт үзэгдэл баян орны ч асуудал болсон

232659759_413661896731137_1829762437859797637_n-810x500-1.jpg

Дэлхий нийт цаг агаарын онцгой үзэгдэл бүхий бас нэгэн зунтай золголоо. Энэ үед цаг уурын мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн татаж буй зүйл бол дэлхийн дулаарал өмнө нь гарч байгаагүй бүс нутагт үзэгдэх болсон явдал юм. Хүний хүчин зүйлээс үүдэлтэй цаг уурын өөрчлөлтийн улмаас бий болдог байгалийн гамшигт үзэгдлүүд ихэвчлэн ядуу буурай орнуудад тохиолддог байв. Гэтэл өдгөө АНУ, Канад, Герман, Бельги зэрэг баян чинээлэг орнууд хэрхэн гал усны гашуун зовлонтой нүүр тулж байгааг бид бүхэн харж байна.

Бельги улсын Лувены Католик их сургуулийн Гамшгийн эпидемиологийн судалгааны төвийн олон улсын гамшгийн мэдээллийн санг үүсгэн байгуулагч Дебби Гуха-Сапир “Байгалийн гамшигт үзэгдэл өдгөө ядуу орны төдийгүй баян орны ч асуудал болсон” гэжээ.

Аюулт үер Хятадыг дайраад зогсохгүй урьд өмнө нь усанд автаж байгаагүй Бельги, Германд тохиож хэдэн зуун иргэдийн амийг авч одов. Канад болон АНУ-ын Номхон далайн баруун хойд хэсэгт үүссэн Цельсийн 40 хэм давсан халалт ой хээрийн түймэр үүсэх нөхцөл боллоо. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Атлантын далайн хар шуурга, АНУ-ын ой хээрийн түймэр дөнгөж эхэлж байгаа аж. Цаашлаад долдугаар сарын 1-нд болсон “Эльза” хар салхи өнгөрсөн жилийн тав дахь хар шуурга Атлантын шуурганаас ч аюултай байв. Далай болон агаар мандлын үндэсний захиргаа өнгөрсөн Лхагва гаригт “Тавдугаар сард тооцоолж байснаас ч илүү их шуурга дэгдэнэ” гэсэн юм.

“UCLA”-ийн уур амьсгал, гал түймэр судлаач Пак Уильямс хөрсний чийгийн үзүүлэлт, модны цагирагны мэдээлэлд үндэслэн АНУ-ын баруун хэсэгт 1580 оноос хойшхи хамгийн хуурай цаг уур тохиож байгааг мэдэгдэв. Мюнхен Регийн уур амьсгал, гео шинжлэх ухааны ахлах эрдэмтэн Эрнст Рауч “АНУ хар салхи, ойн түймрийн хор хохиролын хэмжээг оны эцэст тогтоодог боловч эдийн засгийн асар их хор хохиролыг аль хэдийн амсаж эхэлсэн” гэжээ.  Гэвч ядуу буурай орнууд аливаа эрсдэлийн өмнө бэлтгэлгүй байдаг учраас байгалийн гамшиг тохиоход илүү их хохирол амсдаг болохыг “Breakthrough Institute”-ийн цаг уурын захирал Хауспед хэллээ. Тэрбээр олон зуун хүний аминд хүрсэн Номхон далайн баруун хойд хэсгийн хэт халалт ядуу буурай орныг дайрсан бол илүү их хүн үрэгдэх байсан гэж үзжээ.

Эксетерийн их сургуулийн цаг уурын эрдэмтэн Питер Стотт “Температурын ерөнхий өсөлт 20 жилийн өмнө бидний тооцоолж байсантай ижил байгаа. Гэвч хэт халалт, үер зэрэг нь бидний таамагласанаас ч аюултай байна” гэв. Уур амьсгалын эрдэмтэд нүүрс, газрын тос, байгалийн хийн шаталтаас бий болдог дэлхийн дулаарал нь байгалийн гамшигт үзэгдлийн шалтгаан болдог гэдэгт эргэлздэггүй байна. 2000 оноос хойшхи үерийн байдлыг хиймэл дагуулаас ажиглан хийсэн судалгаагаар дэлхийд тохиож буй үерийн гамшиг урьд өмнөхөөс 10 дахин их хүнд хүрч байгааг тогтоожээ.

“Nature” сэтгүүлд Лхагва гаригт тавигдсан тус судалгаанаас үзэхэд 2000 оноос 2018 оны хооронд 255-290 сая хүн үерийн гамшигт өртсөн байна.

Өмнөх тооцооллоор үерийн аюулд өртсөн хүмүүс хамаагүй бага байсан нь судалгааг бодит ажиглалтаар бус компьютерийн тооцоололд суурилан явуулдаг байсантай холбоотой аж. Тус судалгаагаар үерт өртсөн бүс нутгийн хүн ам 2000 оноос хойш 34%-иар өсчээ. Тус судалгааг удирдан явуулсан Аризона их сургуулийн хүн байгаль орчны газарзүйч Бет Теллман үерийн асуудалтай урьд өмнөхөөс илүү их тулгарах 25 улсыг нэрлэсэн юм. Үүнд АНУ-аас гадна энэ зуныг үертэй үдэж буй Хятад, Герман, Бельги зэрэг баян чинээлэг орнууд багтжээ.

Ирэх жилүүдэд үер, ойн түймрээс гадна халуун агаарын урсгал асуудал дагуулахыг цаг уурчид мөн анхааруулж байгаа юм. Хэт халалтад хамгийн өртөмтгий хүмүүс өндөр настангууд байдаг. Тиймээс мэргэжилтнүүд “хөгшин” Европийг айсуй халуунд хамгийн их бэлтгэх байхыг давхар сануулжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS NEWS

scroll to top