Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Мөнгөн гүүр” эмнэлгийн эсрэг талд автозамын зорчих хэсэгт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 15:09 цагт очиж “Хьюндай 540” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Шар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/Ачааны автомашин шатсан тухай мэдээллийг 08.06-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн хэсгийн зохицуулагчаар ахлуулсан алба хаагчид Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан жолооч Ч/43 настай, эрэгтэй/-ын 1, “Норд Бенз” шланз загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 36 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 09:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1.2 км замыг туулан 09:11 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллага, нийслэлийн Цагдаагийн газрын 1алба хаагчид 07.19-24-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Ар гэрийн хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 08.06-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г тус дүүргийн 17 дугаар хорооны Зүрх-Уул, Гүнтийн-Ам, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Баян-Уул” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 08.07-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top