Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 11-нээс бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 69 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 04:50 цагт очиход иргэн Т-ийн 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, эд хогшил 6х10 метрийн хэмжээтэй хүлэмжийн дотор тал, “Ниссан Банит” загварын суудлын автомашин, “Асту” загварын бага оврын ачааны автомашин тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 10:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:06 цагт очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж 10 минут ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Урт” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ Иргэн Н-ийн байшин 08.09-ний өдрийн 03:40 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 08.09-ний өдрийн 04:49 цагт хүлээн авсан. Орон нутгийн ажилтнууд иргэн Н-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Автозамын тээврийн осол: Хэнтий аймгийн Дархан сумын Хараат багийн “Шажин” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Ачааны автомашин авто замын хажуу руу унаж, автомашины бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:44 цагт очиход Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Дорнод аймгийн Чойбалсан сумын чиглэлд Дорноговь аймгийн харьяат иргэн Ү /33 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан Норд бенз загварын том оврын ачааны автомашин авто замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлж өгсөн.

Усны осол: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрмийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/Гүрмийн нуур-ын эрэг дээр 9 хүн аялж байснаас 1 хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын харьяат иргэн Б/40 настай, эрэгтэй/-нь живсэн байсан тул 08.08-ны өдөр 15 метрийн тойрогт 3-4 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Бороо орсны улмаас эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.    

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн “Яармагийн гүүр”-ээс “Шувуун фабрик” гэдэг газар хүртэл 12 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top