“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Алтансүх оролцож байна. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа. 2009-2018 онд Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид гал унтраах автомашины жолооч, 2018 оноос өнөөг хүртэл Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна.
–Арван жилийн сурагч байхдаа хөдөлмөрийн хичээл орохоор модоор завь, машин, тоглоом хийгээд л суучихдаг, шугам зургийн хичээл дээр зураг сайн зурдаг хүүхэд байлаа. Сонирхлоо дагаад 8 дугаар ангиа төгсөөд техник мэргэжлийн сургуульд сийлбэрчний ангид элсэн орж, сийлбэрчин мэргэжил эзэмшсэн.
-1993 онд буюу долдугаар ангийн сурагч байхдаа хэвийн боовны хэв хийж, аав, ээждээ бэлэглэж байсан нь түүний анхны бүтээл. Мөн тус онд сургуулиас зохион байгуулсан “Хэн сайн зурах вэ?” зургийн тэмцээнд тэргүүлж байсан удаатай.
– Модоор эд зүйлс хийхээс гадна анги, байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гадна дотор засварыг хариуцан хийдэг. 2009 онд Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 айлын орон сууцыг ахлан барьж ашиглалтад оруулсан. 2018 онд мөн ангийн гал унтраах болон шуурхай албаны автомашины 195 м2 талбайтай тавиуланг шинээр өргөтгөн барьж, ангийн гадна талын 900 м2 талбайг жагсаалын талбай болгон засч, сургалтын цамхагийн барилгыг шинээр барьсан.
-Хамгийн сүүлд буюу энэ онд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн сургалтын танхимыг түшиглэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг олгох “Аврагч мазаалай” сургалтын танхим, өрхийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэгийг иргэдэд түгээх зорилгоор “Аюулгүй өрх” сургалт арга зүйн танхим, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах “Галын аюулгүй байдал” сургалтын танхимуудын засварын ажил, модон тавилгуудыг хийж гүйцэтгээд байна.
Эдгээр бүтээлүүдээс 2009 онд Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 айлын орон сууцыг ахлан барьж ашиглалтад оруулж байсан нь түүний бахархдаг.
–Онцгой байдлын байгууллагынхаа ажилтны гэрийн таазыг орчин үеийн загвараар хийсэн нь шинэлэг болоод содон болжээ. Энэ бүтээлдээ илүү их цаг, хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулсан болохоор хамгийн нандин бөгөөд түүхтэй бүтээл гэнэ.
-Албан ажлынхаа хажуугаар анги, байгууллагаа өөрийнхөө хийсэн бүтээлээрээ “гоёж”, нэрийнх нь хуудас болон үлдэж байгаад талархалтай явдгаа тэрбээр хуучилсан юм.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин