1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд зарим газраар 13-15 м/с, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 13:44 цагт очиход иргэн Э-гийн 13х17 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:20 цагт очиход Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /50 настай, эрэгтэй/ толгой, нурууны хэсгээр түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 17:19 цагт очиход иргэн Ц-гийн 4х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 18:00 цагт очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ суудлын автомашин онхолдож автомашиныг татаж босгох тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 15:20 цагт очиход Баянбулаг багаас Цагаанхайрхан сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-гийн “Харрьер” загварын суудлын автомашин онхолдсон байсныг татаж босгосон.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 23:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 26 км зам туулан 23:40 цагт очиход иргэн Д-гийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин онхолдож иргэн Д /30 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.
Уулын осол: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Рашаантын хүрхрээ’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т Зэрэг сумын харьяат 3 иргэн “Их хүрхрээ” рүү рашаан уухаар явж байгаад 1 хүн нь гэмтсэн хаднаас буух боломжгүй болсон тухай мэдээллийг 08.12-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 22:08 цагт “Рашаантын хүрхрээ’’ чиглэлд хөдөлгөөн үйлдэж 100 км замыг туулан 23:45 цагт тус хүрхрээний харалдаа уулын бэлд очсон. 08.13-ны өдрийн 07:30 цагт иргэн Б /41 настай, эмэгтэй/-г 40 метр өндөр хадан хясаанаас эсэн мэнд буулгасан.
Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.13-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Чингэлтэй дүүргийн 17, 19 хорооны “Зүрх-Уул”, “Яргайт”, “Яргайтын-Ам” зэрэг газруудаар 15 км-т явганаар, 45 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон. 08.14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан бургасны тархи” гэдэг гэзар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т иргэн Г /15 настай, эрэгтэй/ 08.11-ний өдрийн 13:00 цагийн орчим морьтойгоор малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.13-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад аймгийн төвд эсэн мэнд явж байгаа тухай мэдээллийг ар гэрээс нь ирүүлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвд/ иргэн А /25 настай, эрэгтэй/ 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 07:00 цагаас иргэн А /25 настай, эрэгтэй/-г Ховд голын усанд 18 удаа шумбалт хийж, бетон гүүрнээс зүүн зүгт 13 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:45 цагт түр зогсоосон. 08.14-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн. /Ховд голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олсон./
4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт тус сумын нутгаар 08.13-ны өдрийн 14:40 цагаас эхлэн усархаг бороо орж 19 мм тунадас буусны улмаас орон сууцны барилгын суурийн давхарт ус орсон тухай дуудлагыг 08.13-ны 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж Согоот багийн 19 дүгээр байрны суурийн давхарт ус орсон байсныг соруулж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР