Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна

4-716zkfyxj1nr95oifrbkllttu882xs68nlrqhis94jk.jpg

Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Тус зөвлөлд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг юм.

Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. 2021 нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ.

Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлага байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм. Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top