Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймагт бороо орсон.  Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, Говь-Алтай Есөнбулаг сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Галт, Цагаан-Уул, Цэцэрлэг сумуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 24, 25-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 20:25 цагт очиход иргэн Ц-гийн хашаанд хураасан 1 тонн өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан 17:49 цагт очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19 дүгээр байрны авто зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 21:18 цагт очиход иргэн Д-гийн эзэмшлийн “Соната-6” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 23:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 23:53 цагт очиход иргэн Б-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т, Ө-50°47’24”, У-100°11′ 24″/ 08.23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:21 цагт ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Оросын булаг” гэдэг газар /Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвөөс баруун зүгт 11 км-т/ суудлын автомашин онхолдож 1 хүн нас барсан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 км зам туулан 13:23 цагт очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-гийн эзэмшлийн “Хайлюкс” загварын суудлын автомашин онхолдож жолооч П /49 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гарган тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.  

Усны осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн “Задгай”-д /сумын төвд/ “Дэлгэр” мөрний эрэг дээр 2 хүн зугаалж байснаас 1 хүн нь ус руу үсэрч ороод живсэн тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 18:59 цагт очиход нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /29 настай, эмэгтэй/ нь живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:49 цагт анх осолдсон газраас зүүн тийш 20 метр газраас цогцсыг олж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсонНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.22-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Зүрх уул, Баянхайрхан, Нарс зэрэг амралтын газраар явганаар 11 км-т, автомашинаар 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 08.23-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим жимсэнд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид,  тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс  иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.22-ны өдөр “Эрхэт тамч”-ийн хавцалд  2 км-т 2 удаа самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад манан бууж, цас орсон тул 17:30 цагт түр зогсоосон. 08.23-ны өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.  

Ус, шаварт суусанБулган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хөндлөн намаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км, Орхон аймгийн төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ “Цэнгэл” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 26 км зам туулан 18:30 цагт очиж Булган аймгийн Орхон сумын харьяат иргэн Т-гийн “Муссо” загварын автомашиныг 19:20 цагт татан гаргасан. 

5. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Цагаан түнгэ” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 168 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 08.21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 22-25 м/с хүрсний улмаас 2 айлын гэр нурсан. Иргэн Ц-гийн 6 ханатай гэр, иргэн С-ийн 5 ханатай гэр тус тус нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 08.22-ны өдрийн 11:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Усанд автсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 08.21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас “Сэлэнгэ мөрөн” үерлэж 5 айлын гэр усанд автах гээд байгаа тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 5 өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн 4 хүн, 1773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Их харгана” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 142 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Идэр” голын усанд 1 морьтой хүн боогдсон тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Э /15 настай, эрэгтэй/ нь “Идэр” голын нөгөө талд байгаа малаа тууж ирэх гэж яваад усанд боогдсон тул 13:52 цагт гол гаргаж өгсөн.            

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар 08.20, 21, 22-ны өдөр усархаг бороо орж 69 мм тунадас буусны улмаас 4 айлын хашаа, гэр, 2 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 4 айлын гэрийн хаяаг шууж, 4 айлын хашаанд тус бүр 4 метрийн урттай шуудуу ухаж, 2 орон сууцны байрны зоорийн давхрын усыг соруулж тус тус гаргасан. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар 08.21, 22-ны өдрүүдэд усархаг бороо орж 29 мм тунадас буусны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, 6 айлын байшин, 1 айлын хүлэмж усанд автсан тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт 6 гудамжны 15 хашаа, 4 гэр, 6 байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах 5 шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан 1 шуудуу сэтэрсэн байсныг засварласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top