Х.Мөнхбат: 50 орчим хүүхдийг завиар зөөвөрлөн Дэлгэрмөрөн голоор гаргаж ЭЕШ-ыг нь өгүүлсэн

Skype_Picture_2021_08_19T14_42_03_162Z-71ahojb9kkdddg5xrflsqkgxlzgndyezbn7gdbp6hj4.jpeg

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн гол энэ сарын 19-нд үерлэж Хилэнтийн гүүр болон ойролцоох шороон зам усанд автаж сэтэрсэн байна. Тухайн өдөр улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн тул онцгой байдлын аврагчид шалгалт өгөх сурагчдыг завиар зөөвөрлөн гол гатлуулж дараагийн унаанд суулгаж өгчээ. Энэхүү явдалд олон нийтийн сэтгэл хөдөлж, хүүхдүүдийн ирээдүйн хувь заяаг шийдэгдэх чухал асуудалд сэтгэл гарган оролцсон алба хаагчдад сурагчдын өмнөөс талархаж байв. Энэ талаар тухайн өдөр үүрэг гүйцэтгэсэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад X.Мөнхбаттай ярилцлаа.

– Өнгөрсөн өдрүүдэд ЭЕШ зохион байгуулагдсан. Энэ хугацаанд танай алба хаагчид үерлэсэн голоор шалгалт өгөх олон ч хүүхдийг завиар зөөж гаргасан таатай мэдээ байна. Энэ талаар тодруулахгүй юу?

– Энэ сарын 19-нөөс Дэлгэрмөрөн гол үерлэсэн. Өглөө 09:00 цагийн үед голын үерийн түвшин огцом нэмэгдээд хоёр талынхаа шороон даланг давж сэтлээд автомашин гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Манай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн нэг автомашинтай, нэг завьтайгаар иргэдийг гол гаргах ажлыг гүйцэтгэсэн.

Галт, Жаргалант, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Төмөрбулаг зэрэг сумдаас ЭЕШ өгөх хүүхдүүд Хилэнт гүүрийг гаталж аймаг орохоор ирсэн байсан. Ер нь ойрын өдрүүдэд ЭЕШ өгөх 50 орчим хүүхдийг гол гаргах ажлыг гүйцэтгэсэн. Манай бүлэг таван алба хаагчтай ажилласан.

– Хүүхдүүд ЭЕШ-даа амжсан уу. Аврах ажиллагааны үеэр нэлээд яарч, сандарч байсан байх даа?

– Тэгэлгүй яахав. Зарим хэсэг нь маргааш шалгалттай гэж байсан. Тухайн өдрөө 14:00 цагаас англи хэлний хичээлийн шалгалттай гэсэн нэлээд хүүхэд байсан. Цаг нь тулчихсан. Бид 12 цаг өнгөрөөгөөд эхний хүүхдүүдийг гаргасан. Зөвхөн ЭЕШ гэлтгүй эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай, ар гэрийн гачигдалтай зэрэг тулгамдсан асуудалтай хүмүүс их ирсэн. Тэр хүмүүсийг манай бүлгийнхэн гол гатлуулж ажилласан.

– БНСУ-д замын цагдаа нар ЭЕШ-аасаа хоцрох гэж байсан хүүхдийг шалгалтад нь хүргэж өгсөн. Энэ явдал дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан. Учир нь ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө бид чадах чинээгээрээ туслах юм. Та бүхний үертэй голоор хүүхдүүдийг гатлуулж өгсөн нь мөн л үүнтэй агаар нэг болов уу. Хүмүүс их талархал илэрхийлсэн харагдсан?

– ЭЕШ гэдэг бол тэр хүүхдүүдийн ирээдүйн амьдралыг шийдэх том даваа. Тиймээс Онцгой байдлын аврагч бид бүхий л нөөц боломжоо ашиглан гол гатлуулж шалгалтад нь хүргэх ёстой. Мөн энэ тал дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас анхаарч фургон автомашин бэлдэж гүүрээр гарсан иргэдийг аймаг руу хүргэсэн. Бид завиар иргэдийг гол гатлуулж өгөхөд фургон автомашин хүлээж аваад шууд Мөрөн сум руу хүргэж өгч байсан. Мөрөн ортол долоон км орчим зайтай л даа. Тиймээс хэн хүнгүй л энэ тал дээр анхаарсан. Шалгалтын дараа сурагчид болон Бүрэнтогтох сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд баярлаж талархсанаа цахим орчноор дамжуулж илэрхийлсэн. Миний хувьд Онцгой байдлын албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. Бидний ажлын хамгийн сайхан нь ард иргэдийнхээ амь насыг аврах, туслах, ямар нэг байдлаар аюулаас хамгаалах. Албан үүргээ гүйцэтгэж ард иргэдээсээ талархлын үг сонсоно гэдэг хамгийн сайхан зүйл л дээ.

– Таныг өнгөрсөн хугацаанд олон ч хүний амь нас аварсан гэж байсан?

– Онцгой байдлын албанд орсон цагаас хойш маш олон дуудлагад явлаа. 300 гаруй хүний амь аварсан болов уу. Томоохон дуудлагаас дурдвал 2011 оны өвөл шатахуун тээвэрлэж яваад Хөвсгөл нууранд цөмөрч орж осолдсон хоёр автомашиныг гаргах ажиллагаанд оролцож явлаа. Цагааннуур сум Оросын хил даваад цасан нурангид дарагдсан Монголын иргэнийг гаргах ажиллагаанд оролцож байсан гээд дурдвал их бий.

– Дэлгэрмөрөн гол одоо ч үертэй байна уу?

– Гол үертэй хэдий ч усаа бага зэрэг татсан болохоор гүүрээр автомашин явах боломжтой байгаа.

– Аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн хоногт цас орсон мэдээлэл байна. Хаагуур нь үертэй, хаагуур цастай байна, нөхцөл байдал ямаршуухан байна вэ?

– Энэ сарын 21-ний шөнө шөнөжин бороо орсон. Гэтэл өнөөдөр (өчигдөр) ихэнх нутгаар бороо орчихлоо. Бүх л гол ус үерлээд байна.

– Дуудлага ихтэй байна уу?

– Ихтэй байна. Автомашин суулаа, гол гаталж чадахгүй боогдлоо гэсэн дуудлага ирж байна. Аймгийн төвд ч гэсэн ус, шавхай ихтэй байгаа болохоор айл өрх, орон сууцны подваль усанд автсан зэрэг дуудлагууд их байна. Манай Эрэн хайх, аврах салбарын хоёр бүлэг хоёр талд ажиллаж байна. Мөн гал унтраах, аврах ангийн алба хаагчид айл усанд автсан дуудлагаар бас ажиллаж байна. Ард иргэдэд анхааруулахад ойрын өдрүүдэд аялж зугаалахаа түр азнаж, цаг уурын эрсдэлээс сэргийлээрэй гэж хэлье.

Д.ДАВААСҮРЭН

Эх сурвалж: “Өдрийн сонин”

scroll to top