Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 9-р сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 07:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:30 цагт очиход иргэн Г-гийн 8×5 метрийн хэмжээтэй байшин дотор эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 14 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 15:06 цагт очиход иргэн Ө-гийн “Криста” загварын суудлын автомашины хөдөлгүүр болон бүхээгийн хэсэг шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.29-ний өдрийн 16:22 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:29 цагт очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр, эд хогшил, О-гийн 7х5 метрийн хэмжээтэй гараашийн дээвэр, “Тоёота Приус-30” загварын суудлын автомашин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг “Могой” гэдэг газраас “Эрхэтийн хавцал” гэдэг газар хүртэл явганаар 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. Тус аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут багийн “Баяндаваа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т/ 08.24-ний өдрийн 02:00 цагийн орчим Өвөрхангай аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Х зам дагуу эмэгтэй хүн явган явж байхыг нь харсан тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 08.29-ний өдрийн 18:20 цагт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Баяндаваа” гэдэг газарт очиж, тухайн нутгийн хүмүүсээс асуухад 08.25-ны өдрийн 10:00 цагийн орчим иргэн Ц-гийн өмсөж явсан хувцастай адилхан хувцастай эмэгтэй хүн “Шаргалжуут”-ын голыг өгсөж, уруудаж явж байсныг харсан гэж мэдээлсэн. 08.30-ны өдөр эрэн хайх ажиллагааг 07:00 эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 08.24-27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.27-ны өдрийн 20:00 цагт түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.28-ны өдрийн 08:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-д 2 иргэн жимс түүхээр явж байгаад иргэн Б төөрсөн тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 04:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 09:15 цагт очиход Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг “Бумбатын-Ам”, “Чулуутын-Ам”, “Харганатын-Ам” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад мөн өдрийн 15:00 цагт иргэн Б ар гэрийнхэндээ утсаар “Богд-Уул”-аас бууж явж байна гэж ярьсан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 1000 автомашины зогсоолын баруун хойд талд 2 шуудайтай угаасан шороо хаясан байна гэсэн дуудлагыг 08.29-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид 16 км замыг туулан мөн өдрийн 15:20 цагт очиж, 2 ширхэг 40 килограмм орчим жинтэй шуудайтай нунтаг хар шороо байсан тул агаар дахь химийн бодисыг тодорхойлогч “Газтек 1” багажаар хэмжилт хийхэд тухайн шорооноос ямар нэгэн химийн бодис илрээгүй тул соронз ашиглан үзэхэд соронзонд наалдаж байсан тул төмрийн хүдрийн хаягдал болохыг тодорхойлсон. 2 шуудайтай төмрийн хүдрийг битүүмжилж, Үндэсний аврах бригадын химийн бодис түр хадгалах агуулахад хадгалуулахаар хүлээлгэн өгсөн.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Оптын зам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвд/ автозамын зорчих хэсэгт том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарсан тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар анги, тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Замын-Үүд дэх Гаалийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд 6 км замыг туулан 16:45 цагт очиход БНХАУ-ын хилийн боомтоос  Гаалийн хяналтын бүсийн чиглэлд арьс ширний үйлдвэрт ашиглагдах 6 нэр төрлийн 8 сав баглаа, боодолтой химийн бодис ачиж явсан иргэн А-гийн жолоодож явсан SX4254 загварын том оврын ачааны автомашины ачаа нурсан байсан бөгөөд ачааг шилжүүлэн ачсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top