1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд аймагт бороо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд “Соёмбо Тауэр” хотхоны барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:37 цагт очиж иргэн Ж-гийн “Соёмбо Тауэр” 32 давхар барилгын 3-13 дугаар давхрын цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргасан.
Налайх дүүргийн 5 дугаар хороонд полистрол хавтангийн үйлдвэрийн хашаанд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 19:34 цагт очиж полистрол хавтангийн үйлдвэрийн хашаанд 1 тонн нүүрс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд эзэнгүй айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:36 цагт очиж иргэн Х-гийн 48 м2 байрны үүдний өрөө, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:28 цагт очиж иргэн Ж-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:33 цагт очиж иргэн Х-гийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Д-гийн 1х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 4 метр хашаа, иргэн Т-гийн 4х3 метрийн хэмжээтэй гарааш, 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 04:03 цагт очиж иргэн А-гийн “Тоёота Прадо-120” загварын автомашины зүүн тал, хойд хэсэг иргэн Х-гийн “Тоёота Гранд марк-2” загварын автомашины жолоочийн талын 2 хаалга, дугуй, улсын дугаар нь тодорхойгүй “Кросс” загварын мотоцикл тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Шаргын голын-Эх” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т 08.19-ний өдрийн 17:00 цагийн орчим иргэн Б морьтой “Шаргын гол”-ыг гатлахдаа живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.27-ны өдрийн 20:25 цагт иргэн Б /29 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осол болсон газраас зүүн зүгт 5 км-т “Шаргын голын-Эх” гэдэг газраас олсон.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Доод харганы-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 208 км, сумын төвөөс зүүн зүгт 28 км/-т тогтоол усанд хүүхэд унасан тухай дуудлагыг 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 28 км замыг туулан 13:35 цагт очиход иргэн Н /2 настай, эрэгтэй/-г тогтоол уснаас иргэд өөрсдөө гаргасан байсан. Хүүхдийн зүрхний цохилт сул мэдрэгдэж байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж сумын нэгдсэн эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн. Эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан.
Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хархираан багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км/ иргэн Б 08.23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс малчин Б /36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.23-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хархираан” голын эргээс мотоциклыг олсон. 08.27-ны өдөр “Хархираан багалзуур” гэдэг газраас “Хар усны тохой” гэдэг газар хүртэл “Хархираа” голын усанд 20 км-т завиар урсаж, “Хархираан багалзуур” гэдэг газраас Булган аймгийн Сайхан сумын “Хунт” гэдэг газар хүртэл 70 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуусан иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 08.24-27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.27-ны өдрийн 20:00 цагт түр зогсоосон. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.28-ны өдрийн 08:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.
Цас шаварт суусан: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Усч толгой багийн “Харганат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т аймгийн төвөөс Цэнгэл сумын чиглэлд зорчиж явсан УАЗ-469 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиж Баян-Өлгий аймгаас Цэнгэл сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “УАЗ-469” автомашин дотроо 3 зорчигчтой “Модон хөшөөний” даваанд цасанд суусан байсныг 1 цаг 10 минут ажиллаж татан гаргасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Уст тохой багийн “Модон хөшөө” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т ачааны автомашин 2 зорчигчтой цасанд суусан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 16:25 цагт очиж иргэн Т-гийн “Хьюндай” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 1 цаг 40 минут ажиллаж татан гаргасан.
Бусад төрлийн осол: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн “Урт тохой харганат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 65 км, сумын төвөөс 35 км/-т иргэн Я-гийн 6 ханатай гэрийн тооно унаж 2-4 насны 2 хүүхэд дарагдсан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 09:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 35 км замыг туулан 09:58 цагт очиход А /2 настай, эмэгтэй/, Е /4 настай, эрэгтэй/ нарыг иргэд өөрсдөө гаргасан байсныг шалгаж зөвлөгөө өгөөд буцсан.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сэлэнгэ мөрний бэлчир татуургын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км/-т автомашинтай 2 иргэн голын ус гатлах гэж байгаад усанд боогдсон тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 09:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 50 км замыг туулан 11:20 цагт очиж Цагааннуур сумаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан “Митсубиши Фусо” загварын автомашинтай 2 иргэн голын ус гатлах гэж байгаад усанд боогдсон байсныг 9 минут ажиллаж татан гаргасан.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн Сэлэнгэ мөрний бэлчир “Цагаан-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 53 км, сумын төвөөс хойд зүгт 5 км/-т 4 иргэн, 160 бог мал голын үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 53 км замыг туулан 12:15 цагт очиж 40 бог мал усанд боогдсоныг 3 цаг 20 минут ажиллаж гарган Зүүнбүрэн сумын Хөдөө аж ахуйн, мал зүйчид хүлээлгэн өгсөн. Иргэд өөрсдөө гарсан.
4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Гол, мөрний усны үер: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бөөн бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 22 км/-т Хөвсгөл, Булган аймгуудад орсон борооны улмаас “Сэлэнгэ” мөрний усны түвшин нэмэгдэж айлууд үерт автсан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн ангийн алба хаагчид “20 км замыг туулан 18:00 цагт очиж 2 цаг 25 минут ажиллаж иргэн Э, Б, Б нарын 3 айлын 6 иргэн усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
Уруйн үер: Баян-Өлгий аймгийн төвд 08.26-ны өдрийн 11:00 цагаас эхлэн орсон хүчтэй борооны улмаас 1-13 дугаар багийн 30 гаруй айл өрх усанд автсан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн хүмүүс 13 өрхийн 52 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, экскаватораар 1082 м газар далан шуудуу ухаж, хуримтлагдсан үерийн усыг зайлуулж шуудуу татан, даланг цэвэрлэж, усны урсгалыг өөрчилж урсган, үерийн ус орсныг соруулж гаргах арга хэмжээ авч ажилласан.
Цас, нойтон цас: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Уст тохой” багийн “Шар тэгш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т 9 айлын эсгий гэр цасанд дарагдаж нурсан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 30 км замыг туулан 15:30 цагт очиж 9 гэр нойтон цасанд дарагдаж нурсаныг 4 цаг ажиллаж цасыг цэвэрлэж эд зүйлсийг гарган иргэдэд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР