Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 16:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:50 цагт очиж “Талын монгол ногоон” ХХК-ийн 91-02 УАК улсын дугаартай, “Маяти” загварын автомашины бүхээгний хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 20:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 20:34 цагт очиж эзэнгүй 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 21:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 9.8 км замыг туулан 21:45 цагт очиж иргэн Ж-гийн 4 ханатай гэр, эд хогшил, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:08 цагт очиж иргэн З-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т Орхон аймгийн харъяат иргэн Л /44 настай, эрэгтэй/ “Норд Бенз Хово” загварын автомашинтай, Орхон аймгаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж байгаад “Орхон” гол дотор автомашин нь хазайгаад орчихсон, автомашинаа холбож гаргах гэж ус руу ороод урссан тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 92 км замыг туулан 00:30 цагт очсон. 09.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсонБаянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг Шаргалжуут багийн “Баяндаваа-Ам” гэдэг газраас “Харгайтын ам”, “Илбэнхийн даваа”, “Асгат” гэдэг газар хүртэл явганаар 15 км-т, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ 2 удаа хөөргөж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 09.03-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, хүрэм, цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Нэрстийн цоорхой” гэдэг газар /Цагаааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсөний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 09.03-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ 08.31-ний өдрийн 20:00 цагийн орчим иргэн Х нь тус амралтын газраас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.01-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 11:00 цагт Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт 77 км-т, Ялалт 2 дугаар багийн нутаг “Хулст” нуурын шаварт их биеийн хэсэг нь шигдэж, толгойн хэсэг ил гарсан байдалтай байсныг олж цогцсыг сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top