1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с. 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 14:06 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 16:43 цагт очиход улсын дугаартай “Верна аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11.5 км зам туулан 18:04 цагт очиход цоожтой 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс Орхон аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/ нь 08.31-ний өдөр “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суулгасан бөгөөд 09.02-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн тул Уушгийн гарам гэдэг газраас зүүн зүгт Зүйлийн гол гэдэг газар хүртэл 15 км-т 2 удаа завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.04-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт 6 давхар орон сууцны байрны дээврээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 22:46 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Э /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Аман хуур-2” хотхонд орон сууцны 12 давхар барилгын дээврээс 2 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 00:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км зам туулан 00:45 цагт очиход тухайн иргэдийг Цагдаагийн байгууллагын алба хаагчид эсэн мэнд буулган авч явсан байсан.
Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/-т иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүс иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг Шаргалжуут багийн “Майхан толгой” гэдэг газраас “Ёлын цохио” гэдэг газар хүртэл явганаар болон мориор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 09.04-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, хүрэм, цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Нэрстийн цоорхой” гэдэг газар /Цагаааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсөний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон.
Цас, шаварт суусан: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өргөний-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 12 км-т, сумын төвөөс зүүн зүгт 23 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 12 км зам туулан 01:56 цагт очиход Завхан аймгийн Алдархаан сумаас Улиастай сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-гийн “Лексүс-470” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР