Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр дулаахан, бусад нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Сүлд спорт хороо”-ны баруун талд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 04:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 04:30 цагт очиж 6х2 метрийн хэмжээтэй чингэлэг, 4х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Төвийн багийн “Хангал” хороололд 09.05-ны өдрийн 03:01 цагт байшин шатсан тухай мэдээллийг 09.05-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд 03:05 цагт очиход “Хангал” хорооллын 1328 тоотод иргэн Э-ын 6×9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:14 цагт очиж 9 дүгээр гудамжны иргэн Т-ийн 5х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Гүвгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 60 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 20:45 цагт очиж иргэн Д-ийн 10х15 метрийн хэмжээтэй өвөлжөөнөөс 10 метрийн зайнд 3 тн хураасан аргал шатаж байсныг 1 цаг 05 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн “Бага номгоны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 216 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т, Ө-43°54”00.0”, У-102°27”00.0”/ 09.05-ны өдрийн 15:00 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Бүйлсэн багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон.

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хамрын амны-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 48 км, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ 09.05-ны өдрийн 12:00 цагийн орчим 7 настай хүүхэд гэр бүлийн хамт аялалаар явж байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 09.05-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 20:00 цагаас иргэн Б/7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:28 цагт тус сумын Баянхайрхан 1 дүгээр багийн “Хэрцийн-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/-аас эсэн мэнд олж аавд нь хүлээлгэн өгсөн.

 Бусад төрлийн осол: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Цэнгэл сумын чиглэлд зорчин явж байсан суудлын автомашин “Ховд” голын усанд онхолдсон тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 25 км зам туулан 19:36 цагт очиж иргэн У/55 настай, эрэгтэй/-ын “УАЗ-469” загварын суудлын автомашин жолооны механизм нь гацаж 15 метр далангаас “Ховд” голын усанд унаж 10 метр урсаж хажуугаараа унасан байсныг 1 цаг 40 минут ажиллаж иргэн А /53 настай, эмэгтэй/, Х /25 настай, эмэгтэй, 9 сартай жирэмсэн/, Ш /3 настай, эрэгтэй/, Ш /7 настай, эрэгтэй/, нийт 3 том хүн, 2 хүүхдийг эсэн мэнд аварч гарган ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Босгийн гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 129 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 46 км/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин “Туул” голд суусан 5 иргэн автомашин дээр гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 129 км замыг туулан 23:50 цагт очиж Төв аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан иргэн А-ын “Королла фиелтэр” загварын автомашин усанд живж зорчин явсан 1 хүүхэд, 5 том хүн автомашины бүхээг дээрээ гарсан уснаас гарсан байсныг хүмүүсийг нь 1 цаг 20 минут ажиллан аварч гарган автомашиныг нь татан гаргах боломжгүй үлдээсэн. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 80 км замыг туулан мөн өдрийн 23:45 цагт очсон, 09.06-ны өдөр автомашиныг татан гаргана.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Элстэйн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 215 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин “Хануйн” голд суусан 4 иргэн автомашин дээр гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 215 км замыг туулан 06:00 цагт очиж 4 иргэнийг 06:20 цагт аварч гаргасан, автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top