Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр дулаахан, бусад нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашааны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 14:11 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 14:23 цагт очиход иргэн Б-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:07 цагт очиход иргэн Г-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114  км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд Орхон аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/ нь 08.31-ний өдөр 34-97 ОРБ улсын дугаартай “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суулгасан бөгөөд 09.02-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн тул 09.04-ний өдөр “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Зүйлийн гол” гэдэг газар хүртэл 30 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Тухайн иргэнийг голын ус татартал автомашиныг татан гаргах ажиллагаа хийж болохгүй тухай анхааруулгыг Булган аймгийн Онцгой байдлын газраас 09.01-ний өдөр өгсөн болно.      

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 09.04-ний өдрийн 14:49 цагт зогсоосон.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Иргэн Г 08.19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 08.27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг 09.02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 09.03, 04-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулаагүй болно.

Аврах ажиллагаа: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 46 дугаар гудамжинд нүхэн жорлонгийн ухсан нүхэнд морь унасан тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 09:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д-ийн 2.8 метрийн гүнтэй нүхэн жорлонгийн ухсан нүхэнд морь унасан байсныг 51 минут ажиллаж гаргасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 6 дугаар гудамжинд нүхэн жорлонд үхэр унасан тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах алба хаагчид 5 км зам туулан 17:35 цагт очиход иргэн Т-ийн 3 метр гүнтэй нүхэн жорлонд үхэр унасан байсныг 4 цаг 35 минут ажиллаж гарган, тус сумын 15 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 1 дүгээр орцны цахилгаан шатанд хүн гацсан байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:43 цагт очиход Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч иргэн У/26 настай, эрэгтэй/, тус байрны иргэн Ц /26 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 5 минут ажиллаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top