Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.
Дадлага сургууль энэ сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд “ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үеийн халдвар хамгааллын дэглэм баримтлах зорилгоор аймгийн төвөөс 4 километрийн зайд “Чингисийн хүрээ” баазыг түшиглэн сургалтын баазыг байгуулаад байна.
Тус баазад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудаас оролцох алба хаагчдыг байрлуулж, сургалт дадлагыг хийх юм.
Дадлага сургууль нь газар хөдлөлтийн гамшгийн хариу арга хэмжээг зохион байгуулах сэдвийн хүрээнд гамшгийн удирдлага, команд штабын дадлага, Өндрөөс аврах олсны сургалт, давчуу орон зайн аврах сургалт, хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа болон олон нийттэй харилцах сургалт зэрэг нийт 5 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр явагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.