Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 21-23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар дулаарна.

2. Обьектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрны 2 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 06:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 06:21 цагт очиход цахилгааны самбар шатаж байсныг 5 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Сум, галт хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын гудамж “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-д байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлагыг 11:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 11:28 цагт очиж, 3 минут ажиллан 50см урттай 120 мм голчтой “Миномётын мин” 1 ширхэг сумыг аюулгүй болгосон.

Усны осолБулган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. 2021.09.16-ны өдрийн 10:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг 09.19-ний өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 09.19-ний өдрийн байдлаар анх осолдсон “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Ханхар” хүртэл 25 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.20-ны өдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.21-ний өдрөөс 09.08-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу 09.17-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 09.18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид тус сумын “Эрхэтийн хавцал” гэдэг газраас “Дөрөө хавчих хавцал” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.19-ний 08:00 цагт  тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас алба хаагчид, ар гэрийнхэн, нутгийн ард иргэд “Эрхэтийн хавцал”, “Дөрөө хавчих хавцал”, “Сангийн толгой”, “Адагийн бүтүү” гэх газруудаар  явганаар 4 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн хүсэлт гаргаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаандаваа багт иргэн Г 09.14-ний өдрийн 09:40 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон. Эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс 09.18-ны өдрийн 11:20 цагаас иргэн Г /32 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Цагаандаваа багийн “Булган” уул орчмоор нийт 20 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:28 цагт түр зогсоосон. 09.19-ний өдөр ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top