Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 21-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 20-ны өдөр Алтайн салбар уулсаар 18-20 м/с, 21-ний өдөр Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 22, 23-ны өдөр нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 21-23-ны өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.  20-ны өдөр ихэнх нутгаар, 21-ний өдөр нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

2. Обьектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг дахь нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:29 цагт очиход 12х25 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны 2 дугаар давхрын хэсэг шатаж байсныг 3 цаг 50 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 1 цаг 40 минут ажилласан. Уг гал түймэрт Дархан сумын харьяат тус байрны оршин суугч иргэн П /78 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. /Гал түймэрт тус байрны 8 айл өртсөн/

Төв аймгийн Баян сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 18:01 цагт очиход иргэн Ц-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.           

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн задгайд /сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т/ ачааны автомашин шатсан тухай мэдээллийг 09.18-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж иргэн Э-гийн жолоодож явсан “Хово-ЗЗ1257” загварын ачааны автомашин шатсаныг унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.     

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 366 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°13’48.0″, У-100°22’12.0″/ 09.18-ны өдрийн 23:11 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:17 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолБулган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. 2021.09.16-ны өдрийн 10:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг 09.18-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 09.18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Хонгор-Овоо багийн “Орхон туулын бэлчир” гэдэг газраас Орхон сумын Орхон багийн “Орхоны гүүр” гэдэг газар хүртэл 110 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.19-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ иргэн Ц 08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.21-ний өдрөөс 09.08-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу 09.17-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 09.18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын “Эрхэтийн хавцал” гэдэг газраас “Дөрөө хавчих хавцал” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.19-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаандаваа багт иргэн Г 09.14-ний өдрийн 09:40 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон. Эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 09.18-ны өдрийн 11:20 цагаас иргэн Г /32 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын Цагаандаваа багийн “Булган” уул орчмоор нийт 20 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:28 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top