Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр ихэнх нутгаар, 26-ны өдөр нутгийн зүүн, 27-ны өдөр нутгийн баруун хэсгээр зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. 25-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. 24-ний өдрөөс ихэнх нутгаар, 25-ны өдөр нутгийн зүүн хагаст дулаахан байна.

2. Обьектын гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд багийн нутаг “Бүрэхтийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 131 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 11 км-т/ малчин О-гийн 2 гэр, эд хогшлын хамт 09.22-ны өдрийн 03:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 06:57 цагт хүлээн авсан. Орон нутгийн хүмүүс ажиллаж малчин О-гийн 6 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр тус тус шатсаныг унтраасан тухай мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 23:54 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолБулган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 09.22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Орхонтуулын бэлчир” гэдэг газраас зүүн зүгт Баруунбүрэн сумын “Зараагийн хөндий” гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:42 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top