Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод, Өмнөговь аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга, 26-28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2. Обьектын гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 39 дүгээр хороо, Хангайн 62 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 09:17 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:24 цагт очиход иргэн Л-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сум. 12 дугаар багийн 20 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагаар /09.23-ны өдрийн 13:09 цаг/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 13:12 цагт очиж иргэн Б-ийн 3х2 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Тэс сум. 8 дугаар багийн “Нарийн голын зүүн хөвөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, ОХУ-ын хилийн зурвасаас 250 м орчим зайтай/ малчин Д-ийн өвөлжөө 09.23-ны өдрийн 14:30 цагийн үед шатсан тухай мэдээллийг 09.23-ны өдрийн 19:56 цагт хүлээн авсан.

Тус сумын хилийн 2 дугаар заставын алба хаагчид 20 км замыг туулан 13:48 цагт очиход 3х4 метрийн хэмжээтэй өвөлжөөний хашаа, бууц шатаж байсныг 19:52 цагт унтраасан. Нэмэлтээр сумын Засаг даргын Тамгын газрынхан очиж ажилласан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 6 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагаар /09.23-ны өдрийн 17:28 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:32 цагт очиж иргэн У-ийн 2 өрөө байрны 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Тус гал түймэрт угаартсан байсан иргэн С/17 настай, эмэгтэй/, И/3 настай, эмэгтэй/, Ү/1.5 настай, эрэгтэй/ нарын амь насыг аварч, НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 8 иргэнийг гаргасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /09.23-ны 17:43 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:55 цагт очиж “Ширээ нуруу” гэдэг газар зорчин явсан иргэн Д-ийн “Дайхацу Трак“ загварын бага оврын ачааны автомашин /20 боодол өвс ачсан/-ы хойд талын 2 дугуй болон тэвш шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймаг, Богд сум. Гурван гол багийн “Давхрын тал” гэдэг газар /аймгийн төвөөс зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 15 км-т, Ө-45°12’00.0″, У-100°34’48.0″/ 09.23-ны өдрийн 08:03 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08:11 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Булган аймаг, Орхон сум. Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан.

Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэртэй унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 09.23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сум Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Зүйлийн гол” гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг зогсоосон.

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагаар /09.24-ний өдрийн 03:53 цагт/ Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд иргэн М/18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top