Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Төв аймгийн нутгаар цас, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар сарын 1-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-ны өдөр зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. 10 дугаар сарын 1, 3-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 2-ны өдөр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 05:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:32 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт “Жигэртэй” барааны дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 08:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 08:15 цагт очиход иргэн Ө-гийн 12х15 метрийн хэмжээтэй, 2 давхар байшингийн үүдний өрөөнд эд зүйл шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 11:06 цагт очиход иргэн Д-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.   

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн “Галданбошигт” хорооллын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 05:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 05:55 цагт очиход иргэн Н-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.    

3. Ой, хээрийн гал түймэр:

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт, 95 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/-т ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 09.27-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:50 цагт цурманд оруулж, 09.28-ны өдрийн 08:10 цагт унтрааж, Батсүмбэр сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай шатсан/

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 199 км-т, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат 3 иргэн автомашинтайгаа “Зүүн бүрх” гол руу унасан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 5 км замыг туулан 20:23 цагт очиход “Газ 2410” загварын суудлын автомашин “Зүүн бүрх”-ийн гол руу унаж, жолооч З /37 настай, эрэгтэй, согтуу/ автомашинаасаа голын эрэг дээр эсэн мэнд өөрөө гарсан байсан бөгөөд зорчигч иргэн Э /52 настай, эрэгтэй, согтуу/, иргэн Б /44 настай, эрэгтэй, согтуу/ нарын цогцсыг 21:13 цагт гаргаж, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 09.27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд 09.28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс 2 таягийг нь ар гэрийнхэн нь олсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э /54 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 10:20 цагт эхлүүлсэн. 09.28-ны өдрийн байдлаар “Найрамдал” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 28 км-т “Хэрлэн” голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 09.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top