Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт, сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажилтнуудын сургалтыг цахимаар зохион байгуулж, нийт 224 алба хаагчийг хамрууллаа.
Сургалтын үйл ажиллагааг нээж ОБЕГ-ын Ар тал, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр Онцгой байдлын албаны хэмжээнд баримталж буй төсөв, санхүүгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хийж буй гол ажлуудыг танилцуулсан юм.
Түүнчлэн 2021 онд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “Microsoft-365” программыг нэвтрүүлээд байгаа бол Онцгой байдлын албаны онцлогийг тусгасан санхүү, бүртгэлийн нэгдсэн цогц программтай болохоор төлөвлөн, 2021 оны эд хөрөнгийн болон хувцас, хангалтын программыг бэлэн болгоод байна.
Сургалтаар Аудитын байгууллагаас хийгдэж буй хяналт шалгалтаар илэрч буй зөрчил, дутагдал, түүний биелэлтийг хангуулах, шилэн дансыг хэрхэн хөтлөх, цэргийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бодох, олгох талаар зохих мэдлэгүүдийг олгосон бөгөөд 2022 оноос эхлэн Онцгой байдлын албаны санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх программ дээр ажиллах дадлага хийсэн нь энэхүү сургалтын онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.