Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-ны өдөр Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 7-ны өдөр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-ний өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 8-ны өдөр ихэнх нутгаар, 9-ний өдөр нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 8-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 9-ний өдөр ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мон-Ит булигаар” ХХК-ийн арьс ширний үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 10:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:50 цагт очиход тус үйлдвэрийн боловсруулах хэсэгт хийн компрэссор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:36 цагт очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Экс-трайл” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:22 цагт очиход иргэн О-гийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:17 цагт очиход иргэн А-гийн “Mазда” загварын суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:23 цагт очиход иргэн Т-гийн 3 м3 хураалгаатай түлээний мод шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.    

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:54 цагт очиход иргэн Н-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Мэргэний дөрвөлж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 56 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 10.04-ний өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 4 км замыг туулан 22:13 цагт очиход иргэн Н-ийн “Приус 11” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онгой байдлын газарт мэдэгдсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайтын богино” зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 00:57 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:05 цагт очиход иргэн Г-гийн 5×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.         

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осолНийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин айлын хашаа мөргөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 15:03 цагт очиход “Бонго” загварын ачааны автомашины тоормос ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч А /29 настай, эрэгтэй/, зорчигч К /30 настай эрэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 01:56 цагт очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн Ц /22 настай, эрэгтэй/-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгч, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч Ч /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган тус  дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top