Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт цас, Завхан аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,  цасан шуурга шуурна. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд зүүн аймгуудын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот /1 дүгээр/ багийн нутагт хүнсний үйлдвэрийн халуун ус, саунд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид гарч 1 км замыг туулан 16:51 цагт очиж, хүч нэмэгдүүлэн Эрэн хайх, аврах бүлэг, Онцгой байдлын газрын алба хаагчид очиж 01:08 цаг ажиллан 17:58 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт байрны зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:58 цагт очиход иргэн Г-гийн эзэмшлийн “Субару Импреза” загварын суудлын автомашины бүхээгт гал гарч байсныг 3 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7,5 км замыг туулан 19:28 цагт очиход иргэн Б-гийн 7х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн үүдний өрөө шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутагт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 04:13 цагт очиход иргэн А-гийн хашаа шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Сум, галт хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Тоосгонтын хэц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 26 км, сумын төвөөс баруун урд зүгт 65 км/-т иргэн Т галт хэрэгсэл олсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т /ТМ-62/ маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч “Мина” олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгдсэн.

Усны осолТөв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж 2 хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас 10.06-ны өдрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Орхон аймгийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэлтсийн  алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын “Хайлааст” багийн нутаг “Доргол” гэдэг газраас баруун урд зүгт “Туулын бетонон гүүр” хүртэл автомашинтай 25 км-т, завьтай 60 км-т  зохион  байгуулж 1 удаагийн шумбалт хийсэн. 10.07-ны өглөө 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top