Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-ны өдөр нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 14,15-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 14-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 15-ны өдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар баг дахь “Оргил” худалдааны төвийн хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 14:57 цагт цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 15:03 цагт очиход 6х8 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 1 цаг 24 минут ажиллаж унтраасан.   

Ховд аймаг, Мөнххайрхан сум. Алаг багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 10.10-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. 

Малчин А-гийн 5 ханатай гэр, тавилгын хамт 10.10-ны өдрийн 18:20 цагийн орчим шатсан мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухай өдрийн 18:55 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 15 дугаар хороо, Жаргалантын 7 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 23:32 цагт хүлээн авсан.      

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 23:42 цагт очиход иргэн Б-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум. Ланз багийн “Дунд-Урт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 03:17 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:21 цагт очиход иргэн Д-ийн 10х17 метрийн хэмжээтэй “Наадаан” зоогийн газрын 2 давхар байшин шатаж байсныг 2 цаг 7 минут ажиллаж унтраасан.   

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Сум, галт хэрэгслийн осол: Дорноговь аймаг, Сайншанд сум. 7 дугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:05 цагт очиход 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны 1 ширхэг сум байсныг тууз татан хамгаалж, тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Мөн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн.

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмөртэй багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

10.10-ны өдрийн байдлаар иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир-Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг Төмөртэй багийн “Доргол” гэдэг газраас Хайлааст багийн “Хөвдөг гүүр”  гэдэг газар хүртэл 22 км-т, Хайлааст багийн “Хөвдөг гүүр” гэдэг газраас “Баянголын-Уурхай” гэдэг газар хүртэл 20 км-т завиар, “Бетон гүүр” гэдэг газар хүртэл 30 км-т голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоож, 10.11-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top