Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон Нууруудын хөндийн зүүн хэсэг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанХөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Агт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 63 км, сумын төвөөс хойд зүгт 9 км/-т иргэн А-гийн өвөлжөө 10.09-ний өдрийн 21:20 цагт шатсан тухай мэдээллийг 10.11-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн А-гийн 6х6, 14х14 метрийн хэмжээтэй 2 өвөлжөө, 2 тонн өвс шатаж байсныг 9 цаг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:55 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 28 минут ажиллан унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа багийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 22:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:46 цагт очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, 6 км зам туулан 05:25 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /25 настай, эрэгтэй/-гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, Х /3 сартай, эрэгтэй/-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтэн, иргэн Х /23 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолТөв аймгийн Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан. 10.11-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  5 алба хаагчид, “Шижир алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн Хайлааст багийн “Доргинт” гэдэг газраас “Модон гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т, “Модон гүүр” гэдэг газраас “Хар хадан хошуу” гэдэг газар хүртэл 40 км-т завиар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоож, 10.12-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т малчин Г /51 настай, эрэгтэй/ 10.08-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 10.08-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 10.11-ний өдрийн 10:00 цагт тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн. Тус аймгийн Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газраас “Олон нуур”, “Дарьхан”, “Холбоо нуур”, “Дэрст” гэдэг газруудаар нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:48 цагт түр зогсоосон. 10.12-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд нүхэнд хүний цогцос олдсон гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг дүүргийн цагдаагийн хэлтсээс 10.11-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 17:36 цагт очиж 4 метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг 9 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутагт нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 21:42 цагт очиход иргэн Б /55 настай, эрэгтэй/ “Ус суваг” ТӨХК-ийн шугам хоолойн засвар хийж байсан 1.8 метрийн гүнтэй нүхэнд унаж шаварт шигдсэн байдалтай байсныг 5 минут ажиллаж эсэн мэнд аварч гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top