Команд штабын сургууль гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байна

DSC9388-1.jpg

Өвөрхангай аймагт зохион байгууллагдаж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус сургуулийг  “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд астрономийн 48 цаг, оперативын 72 цагийн багтаамжтай 3 үетэйгээр зохион байгуулж байгаа юм.

Сургалтын эхний өдөр аймгийн бүх шатны удирдах бүрэлдэхүүн онолын мэдлэг, мэдээллийг авсан бол өнөөдрийн сургалт “Яаралтай цуглар” дохиогоор эхэлж, бүх шатны удирдлага болон гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тарваган тахал өвчний байгалийн  голомттой, 16-28 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм.

Мөн дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байна.

Тиймээс Команд штабын сургууль тухайн аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн удирдлагын хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top