Арван жилийн сургуулийн сурагч байхдаа уснаас хүүхдийн амь аварсан нь түүнийг энэ албанд хөтөлжээ. Ажлын гараагаа НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангиас эхэлсэн ч төрж өссөн нутагтаа ажиллаж, амьдрахаар орон нутагт шилжин бүлгийн даргаар үүрэг гүйцэтгэж байгаа түүнийг А.Билгүүнбаяр гэдэг.
– Наймдугаар ангийн сурагч байхдаа хүүхдийн амь аварсан гэнэтийн тохиолдол таны ирээдүйг тодорхойлжээ?
– Тийм шүү. Бага байхдаа “Ховд” голын эрэгт үхэр хариулаад дүү нартайгаа усанд их сэлдэг байлаа. Гэтэл нэг өдөр бага насны хүүхэд усанд живж байгааг хараад өөрийн мэдэлгүй ус руу шумбаад орчихсон. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2008 онд. Тухайн үед голын ус урсгал ширүүн, эргүүлэг ихтэй байсныг уснаас гараад л мэдсэн. Аварсан хүүхдээ аав, ээжид нь болоод аврагч ах нарт хүлээлгэж өгөх үед өөрийгөө аврагч болчихсон мэтээр төсөөлж билээ. Түүнээс хойш л хүний амь авардаг хүн болохоор шийдсэн дээ.
– Бүх зүйл учиртай гэдэг л энэ байх. Таныг цэргийн удамтай эсвэл цэргийн хүн болох гэж энэ албыг сонгосон болов уу гэж таамаглаж байлаа. Ийм тохиолдол их байдаг болохоор…?
– Гэр бүлийнхээ ганц цэргийн хүн нь би. Өлгий суманд төрж өссөн. Аавыг минь О.Алтансүх, ээжийг минь Н.Долгоржав гэдэг. Айлын том, нэг дүүтэй. Багадаа их хөдөлгөөнтэй, гэрийн ажилд ээжийн найдвартай туслагч нь байлаа. Өвөө маань бичгийн хүн учраас бичиг цаасандаа муугүй шүү. Хурдан хөдөлгөөнтэй болохоор ажлын маань онцлогт их тохирдог.
Анх 2013 онд НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид гал сөнөөгчөөр томилогдсноос хойш найман жилийн хугацаанд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангид аврагч гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 2014 оноос эхлэн Баян-Өлгий аймагтаа үүрэг гүйцэтгэж байгаа. Эрэн хайх, аврах бүлэгт усчин аврагчаар ажиллаж байгаад өнгөрсөн оноос хойш бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчаар ажиллаж байна даа.
– Хамт олныг удирдан чиглүүлнэ гэдэг тийм ч амар биш. Гэхдээ илүү хариуцлага нэмэгдэж, өөрийгөө илүүтэйгээр хөгжүүлэх боломж зэрэгцдэг юм шиг санагддаг?
– Тийм шүү. Өглөө эрт босохоос л эхэлнэ. Үүрэг хариуцлагаа өөрөө мэддэг, чаддаг, бусдадаа үлгэрлэдэг бас тэднээсээ суралцдаг байхыг хичээдэг. Зөв л байвал хүний харилцаа хандлага, ажлын бүтээмж, хамт олны уур амьсгал сайхан байдаг. Ганцаараа би хэн ч биш шүү дээ. Нэг нэгнээ гэсэн хамт олон байна гэдэг нь өөрөө амжилт юм даа.
– Дуудлага бүр өөрийн онцлогтой бас сургамжтай. Томоохон аврах ажиллагааных нь талаар яриагаа үргэлжлүүлье?
– Гал түймэр болон гамшиг ослын 200 гаруй удаагийн дуудлагаар ажиллаж 3,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байдаг. 2019 онд “стивр” маркийн автомашин “Даян” нуурын мөс цөмөрсний улмаас осолдож живсэн дуудлага хамгийн том нь. Автомашиныг татан гаргах ажиллагааг 4 өдөр явуулж, 3 метрийн гүнд нийт 21 удаагийн шумбалт хийсэн. Автомашин 10 тн ачаатай байснаас 9 тн ачааг гурван өдөр зөөж, автомашинд гар тайл холбон татан гаргах ажиллагаа явуулж, эзэнд нь хүлээлгэн өгч байсан. 2017 онд “Ховд” голд живсэн 3 хүүхдийн эрлийн ажиллагааг зохион байгуулахад нэгнийх нь цогцсыг олж чадаагүй гээд сэтгэл эмзэглүүлсэн дуудлагууд бас байна.
– Хүний амь аварна гэдэг бол үгээр илэрхийлэмгүй сайхан мөч. Тэгвэл амьдралаасаа авч байсан хамгийн торгон агшин гэвэл?
– Анхны юм бүхэн сайхан. Анх ажилд орох, аав болж анхны үрээ өлгийдөж авах гээд амьдралдаа хүртэж болох хамгийн жаргалтай бас хариуцлагатай мөчүүд. Ийм сайхан бүхнийг хамт олон, гэр бүлийнхэн минь олгож байдаг нь өөрөө гайхалтай юм даа.
– Тэгэлгүй яахав. Гэргийгээсээ, үр хүүхдээсээ хүртэх тэр их хайр хязгааргүй шүү дээ?
– Хань маань хүүхдүүд шигээ баяр хөөрөөр дүүрэн тосож угтах тэр мэдрэмж. Ажил, мэргэжлийг нь ойлгодог, хичээл зүтгэл гээд үнэхээр хайр нь хязгааргүй. Ханийг маань О.Баярхүү гэдэг. Бид 2011 онд анх танилцаж байлаа. Гурван хүүхдийн аав, ээж. Том охин маань ээж шигээ их даруухан учраас багш болж, дунд охин маань аавынхаа мэргэжлийг эзэмших байх гэж боддог. Охин маань усанд сэлэлтийн төрөл, усан доор харагдах орчин гээд усны талаар их асуудаг болохоор төрсөн бодол л доо. Хүү маань бас цэргийн хүн болно гэдэг. /инээв/
– Гэр бүлдээ болоод өөртөө зориулдаг хобби юу вэ?
– Амралттай үедээ гэр бүлийнхэндээ хоол хийж өгөх дуртай. Манай нутгийн амттай хоолны нэг “сырней”-г ирсэн зочдодоо хийж, дайлах бас сонирхолтой. Хувь хүнийхээ хувьд гэвэл усанд сэлэх. Усанд сэлсэн үед төрөх мэдрэмж, дараах тайвшрал, амралт гээд сонин мэдрэмжүүд шүү. Мөн түүхийн холбогдолтой асуултад хариулж, түүхэн ном унших их дуртай. Аврагч болоогүй бол түүхч, түүх судлаач болох байсан байх.
– Баярлалаа танд. Авран хамгаалах ариун үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе?
– “Онцгой мэдээ” сониныхоо хамт олонд бас талархаж байна. Хамтран зүтгэдэг мөрдэс нэгт Онцгой албаар овоглосон хүн бүрт ажлын амжилт, гэгээлэг бүхний дээдийг хүсье. Алтан нар шиг мандаж, тэргэл сар шиг гэрэлтэж явахын ерөөл өргөе.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин