1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь орчмоор 9-14 градус, Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 12-14 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:12 цагт очиход иргэн Э-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Хадат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 02:40 цагт очиж иргэн Г-гийн 5х7 метрийн хэмжээтэй өвөлжөөнд 6.9 тонн өвс шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т, Ө-51°39’36.0″, У-98°21’00.0″/ 10.14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:59 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09.02-ны өдрөөс 09.07-ны өдөр, 09.16-ны өдрөөс 09.23-ны өдрийг хүртэл тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон байсан. 10.12-ны өдөр ар гэрийнхнээс нь дахин хүсэлт өгсний дагуу иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 10.14-ний өдрийн байдлаар тус сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газраас “Цоохор морьтын гарам” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож, 10.15-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.
Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.14-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Төмстэй багийн “Доргор” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоож, 10.15-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 183 км, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/-т Хүдэр сумаас Тарвагатайн чиглэлд явж байсан дотроо 2 зорчигчтой автомашин “Хүдэр” голд суусан тухай дуудлагыг 10.14-ны өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд 15 км замыг туулан 22:17 цагт очиход Хүдэр сумын Эрүүл мэндийн төвийн жолооч, эмч нар “Ниссан Икстрайл” загварын суудлын автомашинтай гармаар гарч байгаад “Хүдэр” голын усанд суусан байсныг 35 минут ажиллаж автомашиныг татан гаргасан. /Иргэд өөрсдөө гарсан байсан./
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР