Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 48 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчдад үндэсний бичгийн анхан шатны мэдлэг олгох шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсан юм.
Харин энэ удаа үндэсний бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалан өвлүүлэх, хөгжүүлэх зорилгын хүрээнд “Үндэсний бичигтэн” уралдааныг алба хаагчдынхаа дунд зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.
Тус уралдааны тэргүүн байрыг Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Амартүвшин шалгарсан бол Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах аврах 47 ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Н.Энхсүлд, Онцгой байдлын газрын архив, бичиг хэргийн ажилтан ахлах ахлагч Ц.Сумъяа нар удаах байруудыг эзэллээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.