ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Зоан Хань Дам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газраас Ковид-19-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 мянган ам.долларыг Улсын Онцгой комисст гардуулан өглөө.
Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “өнө эртний уламжлалт хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд коронавируст цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Бүгд Найрамдах Вьетнам Улсын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлье.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн энэхүү сэтгэлийн хандивыг цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэглэл худалдан авахад зориулах болно” гэлээ.
Мөн тэрбээр “2018 онд Монгол Улсад зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хооронд “Санамж бичгийг” байгуулж байсан. Цаашид ч хоёр орны ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана” гэж онцоллоо.
Өмнө нь “Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ийн 100 гаруй иргэн хамтран УОК-т 10,2 сая төгрөгийг хандивлаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.