Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороо, Цайз-52 хотхонд гал гарч байна гэсэн дуудлагаар /10.21-ний өдрийн 10:30 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:34 цагт очиход иргэн Г-ын 125 м2 хэмжээтэй 3 өрөө байрны 2х2 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Их Дарь-Эхийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.21-ний өдрийн 14:46 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:51 цагт очиход 6 дугаар гудамжинд иргэн А-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагаар /10.21-ний өдрийн 15:29 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:39 цагт очиход 17 дугаар гудамжинд иргэн Э-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хээрийн түймэр: Архангай аймаг, Цэнхэр сум. Алтан-Овоо багийн “Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км, сумын төвөөс баруун зүгт 7 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.21-ний 16:32 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын, орлогч А-аар ахлуулсан иргэд 18 км замыг туулан 16:45 цагт очиход 1 га хээрийн талбай шатаж байсныг мөн өдрийн 16:54 цагт цурамд оруулж, 17:05 цагт бүрэн унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

10.21-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамт 1 дүгээр баг тус сумын Хайлааст багийн “Цоохор морьт” гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзийтийн нуга” гэдэг газар хүртэл 65 км, 2 дугаар баг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзийтийн нуга” гэдэг газраас “Орхон туулын бэлчир” гэдэг газар хүртэл 65 км, Заамар сумын Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газраас “Цоохор морьт” гэдэг газар хүртэл 60 км-т завиар урсаж тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:43 цагт түр зогсоож, 10.22-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.

Бусад төрлийн осол: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Бор гүвээ багийн 5 дугаар хэсэгт “Дунд намаг” гэдэг газарт намагт 1 хүн шигдсэн тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 05:38 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 05:50 цагт очиход “Дунд намаг” гэдэг газраас хойд зүгт 2 км-т иргэн Э/25 настай, эмэгтэй/ намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг 1 цаг 10 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top