Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд ихэнх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 26, 29-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Дархан-Уул аймаг, Дархан сум. 12 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /10.24-ний өдрийн 08:20 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 08:22 цагт очиход иргэн Б-гийн “РАВ-4” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Төв аймаг, Жаргалант сум. Өгөөмөр багийн “Задгай”-д айлын хашаанд хураалттай өвс шатсан тухай мэдээллийг 10.24-ний өдрийн 15:01 цагт хүлээн авсан.

Тус сумын харьяат иргэн Б-ын хашаанд хураалттай байсан 40 тн өвс шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 15:58 цагт ирүүлсэн.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Дуурлиг багийн “Булаг” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.24-ний өдрийн 18:17 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км зам туулан 18:21 цагт очиход иргэн Б-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.          

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 9 дүгээр хорооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.24-ний өдрийн 19:21 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 19:26 цагт очиход иргэн Л-ийн 9х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 6 дугаар хорооны 19 дүгээр байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /10.24-ний өдрийн 22:29 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 22:35 цагт очиход иргэн Х-ын “Кровн” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймаг, Дархан сум. Ширээ нуруу багийн 26 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.24-ний өдрийн 23:16 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан, 23:24 цагт очиход иргэн Д-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 04:04 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 04:12 цагт очиход иргэн Д-ий 3х5 метрийн хэмжээтэй байшин, мөн “Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 4 хүн өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Атаа гол” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан.

“Хан Хэнтий” улсын тусгай хамгаалалтай газрын захиргааны ажилтнууд ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дах Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 10.25-ны өдрийн 05:00 цагт “Атаа гол”-ын чиглэлд хөдөлсөн.

Булган аймаг, Бугат сум. Баянтөгөл багийн “Алтан унагат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 72 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 10.24-ний өдрийн 17:57 цагт хүлээн авсан. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Пажеро” загварын автомашин сонирхогчидын клубынхэн ажиллаж 17:51 цагт унтраасан. Уг гал түймэрт 10 орчим га талбай өртөж шатсан байна.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Завхан аймаг, Алдархаан сум. Чигэстэй багийн “Жаргалантын-Ам’’ гэдэг газар/ аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 18:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 14 км зам туулан 19:10 цагт очиход Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 14 зорчигчтой зорчиж явсан “Хараацайн жигүүр” ХХК-ийн “Юниверс” загварын  хот хоорондын зорчигч тээврийн автобус иргэн Г-ын жолоодож явсан “RX-400” загварын суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Г/34 настай, эрэгтэй/ нь автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

10.24-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэлч нохойтой, ар гэрийнхний хамт 2 бүлэг болон хуваагдаж 1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Доргонот” гэдэг газраас “Хөвдөг гүүр” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, 2 дугаар бүлэг мөн багийн “Доргонот” гэдэг газраас Бетон гүүр хүртэл 35 км-т завиар, мөн нохойтой голын эрэг дагуу 15 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. 10.25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны Хөшөө багийн иргэн Т /17 настай, эмэгтэй/ 10.23-ны өдрийн 16:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авсан.

10.24-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр  ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.24-ний өдрийн 11:04 цагт  иргэн Т/17 настай, эмэгтэй/-ын цогцсыг тус багийн “Дамжлага бааз” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас Хөвсгөл нуурын уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top