Сурвалжлага: Хэвийн амьдралд эргэж ирэх ганц гарц нь III тун

-сурв-24-of-55-810x500-1.jpg

Хоёр он дамнан Covid-19 цар тахалд дарлуулсан хүн төрөлхтний сэтгэлийг бага ч болов уужруулж, итгэл найдвар төрүүлсэн зүйл бол вакцин. Монгол Улсын хувьд 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. “Вакцинжуулалт энгийн амьдралын хэв маягт шилжих, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг хурдасгах ганц боломж” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв. Өнгөрсөн Баасан гариг (2021.10.22)-ийн байдлаар нийт иргэдийн 69.3 хувь нь вакцинжуулалтын нэгдүгээр тун, 65.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Ерөнхийдөө вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувь харьцангуй өндөрт тооцогдоно.

Өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн гуравдугаар тунгийн вакцинжуулалт маш хангалтгүй хэмжээнд байна. Гуравдугаар тунд 380330 хүн хамрагдсан нь хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн ердөө 20 орчим хувийг эзэлж байна.

Дэлхийн зарим улсад вакцин байхгүй, зарим нь иргэдээ төлбөртэй вакцинд хамруулж байгаа бол монголчууд бид шилж сонгон, үнэ төлбөргүй, гуйж, түүлгүүлэн хийлгэж байгаа. Бидэнд вакцины нөөц хангалттай харин идэвх маш муу байна.

“Зайгаа бариарай”, “Дараалаад зогсоорой” гэх үсгийг бид сүүлийн жилүүдэд алхам тутамдаа сонсч буй. Биднийг Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах “Амин жаргалан” өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн хаалгаар ороход  энэ үгс хөвөрсөөр угтав. Өрхийн эмнэлгээр орж гарч буй арван хүний ойролцоогоор 6-7 нь “Түргэвчилсэн шинжилгээ хэдэн цагийн хооронд авах вэ”, “Манай эхнэр, нөхөр эерэг гарчихлаа” гэх зэргээр асууж сураглана.  

Тус хороо нийт 12500 орчим хүн амтай. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэн вакцины гуравдугаар тунд хамрагдсан байна. Сургууль, цэцэрлэгт байрлаж байсан вакцинжуулалтын цэгүүд наймдугаар сарын 18-наас татан буугдаж, дүүргийн ӨЭМТ дээр байрлах болжээ.

“Амин жаргалан” ӨЭМТ дээр вакцинжуулалтын тавдугаар цэг байрлаж байгаа бөгөөд бусад хороодын иргэдийг вакцинжуулж буй. Ойролцоогоор бусад хороодын 6000 гаруй иргэн вакцины гуравдугаар тунд хамрагджээ. Хувиар авч үзвэл тус хороонд гуравдугаар тунгийн хамрагдалт 30 гаруй хувьтай байна. Өдөрт  ойролцоогоор 140-200 хүн вакцинжуулдаг аж.

COVID-19 ТАРХАХ ХАМГИЙН АЮУЛТАЙ ЗҮЙЛ НЬ ТАЙВШРАХ

“Амин жаргалан” ӨЭМТ-ийн дарга С.Наранчимэг “Вакцины 1-2 дугаар тунгийн хамрагдалт маш сайн байсан. Гуравдугаар тунгийн хамрагдалт сул байсан ч сүүлийн үед иргэдийн идэвх буцаад сэргэж байна. Гуравдугаар тунд хамрагдаж буй иргэдийн 60 хувь нь Файзер, 40 хувь нь Вироселл хийлгэж байна. Халдвар аваад эдгэсэн хүмүүс 21 хоногийн дараа гурав дахь тун хийлгэх боломжтой. Вакцинжуулалтын хувьд ажлын өдрүүдэд өглөө 10.00-12.00 цагт, үдээс хойш 13.00-15.00 цаг хүртэл ид ачаалалтай байдаг. Халдвар аваад эдгэсэн хүмүүс нэмэлт гуравдугаар тун хийлгэхгүй мэтээр буруу бодож байна. Мөн иргэд ам дамжсан яриагаар бус, шинжлэх ухаанд суурилсан бодит мэдээлэл авах нь чухал. Covid-19 тархах хамгийн аюултай зүйл нь тайвшрах. Бид тайвшрах болоогүй. Вакцинжуулалтаа ядаж 90 хувьд хүргэчихвэл нэг өөр хэрэг” гэж онцлов.

ИРГЭД ЭМЧ НАРТ СЭТГЭЛЗҮЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал хэр байгаа талаар асуухад “Хүн амынхаа тоонд тохирсон эмчийн орон тоотой байдаг. Манайх зургаан эмчийн орон тоотой. Манай эмч нар ээлжийн амралтаа авалгүй ажиллаж байна. Эмч нараас ээлжлэн “улаан бүс” рүү орж, тандалтын багт ажиллаж байна. Гэрээр очиж хавьтлын шинжилгээ авлаа гэхэд өдөртөө 40-50 айлаар орж байна. Ийм нөхцөлд үндсэн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй. Ачаалал үнэхээр их байна” гэлээ.

Шөнийн 1-5 цагийн хооронд утас дуугарч, иргэд “Эерэг гарчихлаа, эм тариа хурдан авчирч өг” гэж зандрах нь цөөнгүй. Зарим нь үхэх гээд байхад эмч хүн байж утсаа авсангүй гэж уурлаж, зарим нь гэрийнхнээсээ очиж шинжилгээ авахыг шаардана. Эмнэлэгт хэвтүүлсэнгүй гэж элдвээр хэлэх нь ч бий.

Дээр нь заналхийлсэн, дарамталсан өнгө аястай харьцаж, мессэж, дуудлага ирүүлдэг. Ийм нөхцөлд  өрхийн эмч нар ажиллаад удаж буй аж. Үүнээс болоод залуу эмч нар ажлаасаа халширч, шантрах болжээ.

Эндээс гараад Их засаг хууль зүйн сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг зорилоо. Тэнд вакцинжуулалтын явуулын цэгээр ажилладаг “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төвийн эмч нар тус сургуулийн оюутан, багш нарыг вакцинжуулалтад хамруулж байлаа. Зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй баг тус сургууль дээр ажиллах сүүлийн өдөр өнөөдөр байж таарав. Тэд хоёр өдрийн хугацаанд 300 гаруй оюутныг вакцинжуулжээ.

Турк, Солонгос, Япон зэрэг улс Файзер вакцин, Хятад улс өөрийн улсын вакцин хийлгэсэн хүмүүсийг хүлээж авахаа мэдэгдсэн. Тиймээс гадагшаа явах оюутнууд Файзер, Вироселл вакцинаас сонгон хийлгэж байна.

ДАРХЛАА ӨДӨӨЖ БАЙГАА ПРОЦЕСС БҮХ ВАКЦИН ДЭЭР АДИЛХАН ҮҮСЧ БАЙНА

Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төвийн эмч Г.Одонцэцэг “Өмнө нь сургууль, цэцэрлэгт байрлаж ажиллаж байхад хүмүүс вакцинаа хийлгэхийн тулд дугаарлаад зогсдог байсан. Харин одоо гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх маш сул байна. Иргэдийн дунд вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсний дараа халдвар авсан юм чинь гурав дахь тун хийлгэсэн ч ялгаагүй гэх ойлголт суучихсан бололтой. Ерөнхийдөө хоёрдугаар тун хийлгэсний дараа дархлаатай болсон гэж бодоод тайвширсан тал ажиглагдаж байна.

“Вакцин хийлгээд ямар ч нэмэр алга” гэж бодох хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэвч хүн бүрийн биеийн онцлог өөр. Үүнийгээ дагаад дархлаа тогтоц нь ч өөр. Вакцины хувьд үр дүнгүй гэсэн зүйл байхгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн судалгаагаар Монгол Улсад хэрэглэгдэж буй дөрвөн төрлийн вакцин тариулснаар бүх тохиолдолд эсрэг бие үүссэн. Тэгэхээр дархлаа өдөөж байгаа процесс бүх вакцин дээр адилхан үүсч байна. Тиймээс иргэд дам яриагаар асуудалд хандах бус, бодит мэдээлэлд тулгуурлаасай” гэж сануулав. 

ВАКЦИНЫ ГУРАВДУГААР ТУНГ ДАХИЖ ХӨЛ ХОРИХГҮЙН ТУЛД ХИЙЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр:

-Монголд төдийгүй Их Британи, Америк зэрэг улсад иргэдээ вакцинжуулснаас хойш дөрөв дэх сараас эхлэн вакцины хамгаалах үр нөлөө буурч эхэлсэн. Гэтэл яг тэр үед дельта вирусийн давлагаа эхэлсэн. Дельта хувилбар бол халдварлах чадвар маш өндөр. Уханьд үүссэн эх хувилбартай нь харьцуулахад халдварлах чадвар нь гурав, альфа хувилбартай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Монгол Улсын хувьд халдвар авсан хүмүүсийн сорьцод ямар хувилбараар өвчилсөн болохыг нь илрүүлэх тогтмол тандалт хийдэг. Ингэхэд 90-ээс дээш хувьд нь дельта хувилбар тархсан байна. Зөрөөд өнгөрөхөд халдварлах чадвартай учраас хүмүүс ихээр өвдөж байна. Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам өнгөрсөн наймдугаар сараас эхлэн вакцины гуравдугаар тунг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа ч иргэд бидэнд хүч нэмсэнгүй. Вакцины гуравдугаар тунг дахиж хөл хорихгүй, бизнесээ нээлттэй байлгахын тулд хийж байна.

Иргэд хөл хориог эсэргүүцдэг байж яагаад шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрийг дэмжихгүй байна вэ. Гуравдугаар тунг хийлгээд бидэнд өмнөх шигээ энгийн амьдралын хэв маягт шилжих боломж байна.  

Израилийн судалгаанаас харвал, гурав дахь тун халдвараас 11, хүндрэл нас баралтаас 10 дахин хамгаалж байна гэх дүгнэлт гарсан. Монгол Улсын хувьд 380 мянга гаруй иргэн гурав дахь тунд хамрагдсан. Тэдгээр хүмүүсийн 0.5 хувь нь халдварт өртсөн бол бусдыг нь вакцин хамгаалж байна гэсэн үг. Халдварт өртлөө гэхэд маш хөнгөн байна. Гуравдугаар тун хийлгэсний дараа эсрэг биеийн титр 100-1000 дахин нэмэгддэг. Гуравдугаар тун дархлааг сэргээх бус үндсэн вакцинжуулалтын нэг хэсэг. Гуравдугаар тунд нийт хүн амын 30-50 хувийг хамруулж байж тохиолдлынхоо тоог бууруулна. Тохиолдлын тоо буурна гэдэг нь сүргийн дархлаа тогтоно гэсэн үг. Израиль улсын хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулж, халдварын тохиолдлыг 80 хувь бууруулсан шиг бидэнд ч ийм боломж бий. 

ФАЙЗЕР КОМПАНИ  МОНГОЛЫН 1.8 САЯ ВАКЦИНЫ ХУГАЦААГ
ГУРВАН САРААР СУНГАХ УУ?

Аравдугаар сарын 14-нд Улсын Их Хурлын дарга Л.Занданшатар чуулганы хуралдааны үеэр “Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахгүй, эсвэл хандивлагч байгууллагууд нийлүүлэлтийн хугацааг бидний хүсэлтээр хойшлуулахгүй бол вакцины илүүдэлтэй болж, устгалд оруулж магадгүй байна. 1.8 сая вакцин арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусна. Тэгэхээр вакцины менежментээ сайн хийхгүй бол болохгүй” гэж мэдэгдсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Файзер компани хамтран аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Израильд -70 хэмд хадгалаглаж байсан 60 мянга орчим вакцины хүчинтэй байх хугацааг гурван сараар сунгажээ. Тэгэхээр Монгол Улсын хувьд ч арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусах 1.8 сая вакцины хугацааг сунгах магадлалтай юм. Энэ талаар тодруулах гэсэн боловч албаныхан мэдээлэл өгөхөөс татгалзав.

Эх сурвалж: News.mn

scroll to top