Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 29, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жинст багийн 1 дүгээр сургуулийн дэргэд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 19:39 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид1.5 км замыг туулан 19:42 цагт очиход 1 дүгээр сургуулийн дэргэд хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо Тахилтын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 15:18 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:38 цагт очиход 7 дугаар гудамжны задгайд эзэн тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 2 дугаар хороо Толгойтын 25-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 15:36 цагт/ Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:42 цагт очиход Толгойтын 25-д эзэн тодорхойгүй 20×25 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраан тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороо “Ар хустайн”-1 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 18:55 цагт / тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 19:02 цагт очиход “Ар хустайн” 1-д иргэн О-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянсуудал багийн “Ахуй үйлчилгээ”-ний задгайд /сумын төвөөс баруун зүгт 5 км/-т амбаар шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 18:29 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:33 цагт очиход “Ахуй үйлчилгээ”-ний задгайд эзэнгүй айлын 2х1.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо Шар хадны эцэст байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 20:14 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:20 цагт очиход иргэн Г-ын 4х5 метрийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Г /36 настай, эрэгтэй/ угаартсан байсныг НЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 11-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 20:49 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:56 цагт очиход иргэн Ш-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 1 дүгээр багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагаар /10.25-ны өдрийн 23:35 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:39 цагт очиж иргэн Э-ийн 20х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 11 дүгээр хороо, Нуурын 7-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.26-ны өдрийн 03:22 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:27 цагт очиход иргэн Л-ын 10×11 метр хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 17 дугаар хороо Нүүдэлийн 59 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.26-ны өдрийн 03:48 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 04:00 цагт очиход иргэн Д-ын 5×9 метр хэмжээтэй байшин, 4×4 метр хэмжээтэй амбаарын хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Атаа гол” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны байцаагчтай 10.25-ны өдрийн 05:08 цагт ангийн байрлалаас хөдөлөөн үйлдэж мөн өдрийн 18:57 цагт ”Хонин нуга” гэдэг газраас зүүн зүгт 20 км-т орчим яваад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул хөдөлгөөн зогссон. Түймрийн гарсан газрын голомтоос хойд зүгт 2-3 км-т ирсэн. 10.26-ны өдрийн 06:00 цагт цааш хөдөлгөөн үйлдэнэ.

Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт багийн “Вангийн цагаан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км, сумын төвөөс баруун урд зүгт 200 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 08:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 200 км замыг туулан 14:00 цагт очсон. Нэмэлтээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставын алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, 8 цаг 12 минут ажиллан 21:04 цагт түймрийг цурамд оруулж, 22:19 цагт бүрэн унтраан Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставын захирагчид хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум.Жаргалант багийн “Өргөний гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, “Эрээн толгой” ХХК-ийн уурхайн ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан 14:06 цагт очиж 1 цаг 9 минут ажиллаж 15:15 цагт цурамд оруулж, 16:15 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймаг, Булган сум. Чулуут багийн “Дая” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Хөлөнбуйр сумын төвөөс зүүн урд зүгт 55 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан.

Булган, Хөлөнбуйр сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 50 км замыг туулан 14:50 цагт очиж 2 цаг 34 минут ажиллаж 15:32 цагт цурамд оруулж, 16:40 цагт бүрэн унтраан Чулуут багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймаг, Халхгол сум. Ташгай багийн “Хунт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс баруун урд зүгт 105 км /-т иргэн Д-ийн 5″Ланд Круйзер-200″ загварын суудлын автомашин шатсанаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 105 км замыг туулан 15:35 цагт очиж 3 цаг 24 минут ажиллан 18:25 цагт цурамд оруулж, 18:59 цагт бүрэн унтраан тус сумын Хөдөө аж ахуйн мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймаг, Баянмөнх сум. Хэрлэн багийн “Цагаантолгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 42 км замыг туулан 16:40 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж 17:00 цагт цурамд оруулж, 18:07 цагт бүрэн унтраан Байгаль, орчны байцаагчид хүлээлгэж өгсөн.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

10.25-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэлч нохойтой, ар гэрийнхний хамт 2 бүлэг болон хуваагдаж 1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Баянгол” гэдэг газраас “Хүүхдийн-Овоо” гэдэг газар хүртэл 25 км-т завиар, 25 км-т явганаар, 2 дугаар бүлэг мөн багийн “Туулын гүүр” гэдэг газраас “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 2 завьтай 20 км-т завиар, мөн эрэлч нохойтой голын эрэг дагуу 20 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:37 цагт түр зогсоож, 10.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Орхон аймаг, Баян-Өндөр сум. Говил багийн “Баянцагааны-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т иргэн Л 10.24-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хариулахаар морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид эрэлч нохойтой, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нь иргэн Л/69 настай, эрэгтэй/-ийг 10.25-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:40 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т “Эх булаг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top