Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Орхон голын хөндийгөөр 0-5 градус, их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 10:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 11:00 цагт очиход иргэн А-гийн 2×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 11:00 цагт очиход иргэн Э-гийн “Приус-20” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн “Задгай”-д /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:40 цагт очиход малчин Х-гийн 11х7 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 01:11 цагт очиход иргэн О-гийн 10×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут, мөн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 18 км зам туулан 02:00 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 04:55 цагт очиход иргэн Г-гийн 6×8 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Атаа гол” гэдэг газар  /Аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны Байгаль орчны байцаагчид ажиллаж, 10.28-ны өдрийн 12:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 20 га ойн талбай шатсан.  

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 13:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 1400 га талбай шатсан.   

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Тариалант багийн “Хуурайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 16:35 цагт унтраасан. Уг гал түймэрт 30 га талбай шатсан. 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 19:20 цагт унтраасан. Уг гал түймэрт 4500 га талбай шатсан. 

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Үүдийн жаран” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 21:25 цагт унтраасан. Уг гал түймэрт 12500 га талбай шатсан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Хархираан-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 18:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 150 га талбай шатсан.  

4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 313 км, сумын төвөөс баруун урд зүгт 31 км-т, Ө-51°18’36.0″, У-100°22’12.0″/ 10.28-ны өдрийн 23:46 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:52 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Янгиртай хясаа” гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 15 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 23:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 15 км замыг туулан 00:08 цагт очиход тус аймгийн Цэнхэр сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд 3 зорчигчтой иргэн Х /30 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Портер” загварын автомашин нь Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Норд бенз ND 4254” загварын ачааны автомашинтай мөргөлдөж “Портер” загварын автомашины жолооч төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

Усны осол: Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. 10.28-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн Хайлааст багийн “Доргонот” гэдэг газраас “Бетон гүүр” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, “Бетон гүүр” гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын “Тул харайдаг” гэдэг газар хүртэл  40 км завиар, мөн эрэлч нохойтой “Тул харайдаг” гэдэг газраас “Хүүхдийн-Овоо” гэдэг газар хүртэл 35 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:40 цагт түр зогсоосон. 10.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 07:00 цагт Баянмөнх сумын чиглэлд явж 50 км зам туулан 08:50 цагт очиход Хөтөл-Ус нуурын усанд “Хайлүкс” загварын суудлын автомашин суусан байсныг 16:00 цагт татан гаргасан. Автомашины бүхээгт үлдсэн иргэн Б /40 настай, эрэгтэй/ автомашиндаа байхгүй байсан тул нуурын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт түр зогсоосон. 10.29-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсонХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Цагаан бэлчир багийн “Дайхын хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 11 км-т/ тус сумын харьяат иргэн Б 10.27-ны өдөр автомашинаар Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд, орон нутгийн иргэд Хатгал тосгоны Дэнж багийн харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-г 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Цагаан бэлчир багийн “Баруун харгана”, “Шар дөрөлж”, “Ужгийн сайр” гэдэг газраар 75 км-т, 2 дугаар бүлэг Шувуут багийн “Ганц мод”, “Далангийн-Ам”, “Сүүл толгой” гэдэг газраар 79 км-т, 3 дугаар бүлэг “Эг” голын эрэг дагуу 45 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 10.29-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top