Хүн бүрт өөрийн гэсэн давтагдашгүй дотоод ертөнц байдаг. Энэ л дотоод ертөнцийн нэгээхэн хэсгийг ил гаргах үүднээс бид “Амжилт дагуулах 8 асуулт” буланг хөтлөн явуулдаг билээ. Хүүрнэл ярилцлагаас илүүтэй блиц асуултын товчхон хариултууд өөр өөр өнгө төрхтэй, зүйрлэл тодорхойлолт нь давтагдашгүй гэдгийг та бүхэн анзаарсан биз ээ. Ингээд энэ удаагийн “Амжилт дагуулсан 8 асуулт” буландаа НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ц.Мөнхбаатарыг урилаа. Түүний дотоод ертөнцийн өчүүхэн хэсгийг хамтдаа сонирхоё.
1.Солонгын долоон өнгөний аль нэгээр өөрийгөө илэрхийлээч гэвэл аль өнгийг сонгох бол. Яагаад?
-Би өөрийгөө шар өнгөтэй зүйрлэнэ. Шар өнгө нь эрдэм оюуны өнгө бөгөөд итгэл найдвар, баян тансаг, сүрлэг бадрангуй, эрэлхэг зориг, сүр хүчийг билэгддэг учраас зорилго тэмүүлэлд минь илүүтэй дөхөх болов уу.
2. Хүмүүний хүсэл сонирхолд хязгаар үгүй гэдэг. Тэгээд ч тэр үү өөрийн амьдралын сонголтоос тэс өөр зүйлийг хийж үзэхсэн гэх хүсэл төрөх нь бий. Танд тийм хүсэл байдаг уу?
-Би дэлхийгээр аялахсан гэж боддог юм. Нэг л амьдрах энэ орчлонд хүн олон зүйлийг үзэж сонирхож, мэдсэн зүйлсээ бусдад түгээх ёстой юм болов уу гэж боддог. Энэ ч үүднээсээ интернэт орчноос мэдээлэл цуглуулсаар байгаа. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн аялал хийдэг хүмүүсийн тэмдэглэлийг уншиж, тэднээс мэдээлэл цуглуулж, туршлага хуримтлуулж байгаа юм. Тэгээд нэг л өдөр өөрийн аяллаа эхлүүлнэ дээ.
3.Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Тэгвэл таны мөрөөдлийн өнгө өнөөдөр хэр өөрчлөгдсөн бол ?
-Хүүхэд байхдаа аавыгаа галын улаан машины урд суучихсан дохио хангинуулж ирээд хажуу айлд гарсан галыг унтрааж байхыг харсан тэр цагаас л энэ байгуулагад орно гэсэн мөрөөдөлтэй болсон. Тэр үед миний мөрөөдөл ямар өнгөтэй байсан, одоо яг л тэр өнгөөрөө байгаа. Нэг ёсондоо хүсэл мөрөөдлөөрөө ажиллаж, амьдарч байна.
4.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг байдаг. Энэ тухай таны бодол…?
-Үүнтэй санал нийлдэг. Танд ирж байгаа үүрэг даалгавар бол таны ажил зохион байгуулах ур чадвар, өөрийгөө харуулах хамгийн том боломж байдаг. Тиймээс удирдлагаас өгсөн ямарч үүрэг даалгаврыг хурдан шуурхай, чанартай биелүүлж, ажилдаа чин сэтгэлээр хандаж байгаа цагт танд амжилт ирнэ гэж боддог.
5.Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
-Хүмүүс хүнийг хоёр янзаар магтдаг. Урам аваад улам илүү ихийг бүтээгээсэй гэсэндээ зөв үйлдэл, амжилтыг нь чин сэтгэлээсээ магтаж, урамшуулдаг нэгэн байхад зүгээр л тэр хүнд нүүр тал олох гэж бялдуучилж магтах нэгэн ч бий. Шүүмжлэл ч ялгаагүй. Сэтгэл санаагаар унагаж, муутгах гэсэндээ худлаа шүүмжилж, мохоодог нэгэн байхад үнэхээр алдааг нь олж хараад засаасай, засраасай гэсэн сэтгэлээр шүүмжлэх хүн ч бий. Тиймээс магтаал, шүүмжлэлийн аль аль нь намайг хурцална. Харин ялгааг нь зөв ойлгох хэрэгтэй байх.
6.Аз жаргал бидэнд хэр ойрхон оршдог бол?
-Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлдог. Аз жаргалыг өчүүхэн зүйлээс ч мэдэрч болдгийг мартаж, өөртөө байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэхгүй байх нь олон. Миний хувьд аз жаргал гэдэг эрүүл энх, сэтгэл амгалан, амьдралдаа сэтгэл хангалуун байх тэр л мэдрэмж. Тийм болохоор аз жаргал хажууд минь бий.
7.Таны бахархал?
-Аав минь миний бахархал. Аавынхаа тухай ярих үнэхээр сайхан. Аав минь бүгдийн хайр хүндэтгэлийг татсан, сайн хань, сайн аав, шилдэг удирдагч байсан. Гал түймэртэй тэмцэх байгууллага, Онцгой байдлын байгууллагад нийтдээ 33 жил, дэд ахлагчаас хурандаа цолтой болтлоо, гал сөнөөгчөөс хэлтсийн дарга хүртэл албан тушаалыг хашиж ажилласан. Тиймээс би энэ ажил, мэргэжлийг нь өвлөн авч, аавынхаа замналаар замнаж явна. Аавын минь надад өгсөн итгэл, сэтгэл, хайр бол миний амьдралын хамгийн том бэлэг байсан. Аав минь одоо дэргэд минь байхгүй ч гэсэн зааж сургасан бүхнийг нь, үг, үйлдэл бүрийг нь үргэлж санаж байдаг. Хүн бахархах зүйлтэй байх, тэр дундаа бахархах аавтай байна гэдэг сайхан.
8.Танд цэргийн хүн гэхээс өөр ямар тодорхойлолт илүү зохих бол?
-Аав, ээжийн сайн хүү, ахын сайн дүү, ханийнхаа түшиг тулгуур, үрсийнхээ бол үлгэр дуурайлал болсон сайн аав, ажил мэргэжилдээ бол шилдэг багийн тоглогч гэж тодорхойлох байна даа. Онцгой байдлын алба гэж энэ шилдэг баг хамт олны нэг эд эс болж байгаадаа ямагт баяртай байдаг шүү.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин