Туулж, туршлагажиж бүтээсэн түүх буюу “Тэнгисийн цэргийн флот”-ынхон

11-8-5.jpg

С.УЯНГА

Далай ээжийн эрэг дээр цас малгайлж, жавар тачигнах нь хэдийнэ өвлийн эхэн сар гарсныг илтгэх аж. Гадаа жаахан удвал гар бээрч, хацар хайрах энүүхэнд. Тиймээс өвлийн хувцас, малгай, ороолтоо давхарласан хэр нь л нуурын мандал дээр гарав уу үгүй юу чичирч эхлэх. Гэтэл өнөөдөр бол цөөн тохиолддог хамгийн урин өдрүүдийн нэг хэмээгээд аврагчид юу юугүй усны гүн дэх шумбалтаа эхлүүллээ. Харваас усны нимгэн хувцастай шумбагчид хөвөгч завин дээгүүр нааш, цааш гүйсээр цувраад ус руу үсрээд орлоо. Нөгөө хэсэг нь нуурын мандал дээр бэлтгэл базааж, эрэг дээрээс танк, том техникээр 309 тонн жинтэй хөлөг онгоцыг татахад бэлэн болжээ. Эхлэх команд өгч татах болгонд том бүдүүн тросс хэдэнтээ тасарч хавиар нэг тоос татуулна. Яг ийм маягаар 50 гаруй удаа татсан гэнэ. Хөвсгөл далайн гүнд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж буй үйл явц ийм дүр зургаар биднийг угтсан юм.

“СҮХБААТАР” ХӨЛӨГТ АЧСАН БАЙСАН 400 ГАРУЙ ЛИТР ШАТАХУУН ШҮҮРЧ ЭХЭЛЖ БАЙЖЭЭ

Хөвсгөл нууранд 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татах ажил наймдугаар сараас эхэлжээ. Эрдэмтэд энэ хооронд хэд хэдэн удаа судалгаа хийсний үндсэн дээр олон улсын болон Монголын боломжид тулгуурласан хоёр төрлийн техникийн карт боловсруулсан байна. Ингэхдээ онгоцны хэмжээ, эдлэлийн жин, араа шурга бүрийг нарийвчилсан 70 гаруй хуудас тооцоо судалгаа бэлэн болгожээ. Харин олон улсын жишгийг дагах гэтэл зөвлөх баг, тоног төхөөрөмж гээд өндөр үнэтэй. Захиалья гэхээр хил хаалттай зэргээс шалтгаалж хэдэн сар, жил болох нь ч тодорхойгүй учраас монголчууд өөрсдөдөө итгэхээр шийдвэрлэсэн нь энэ. Гэхдээ л Монголд байтугай дэлхийд ховор ажиллагаа учраас эхэндээ эмээж байснаа ч эрдэмтэд нуусангүй.

 “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 м урт, 8.4 м өргөнтэй, 5.7м өндөртэй 309 тонн жинтэй. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живж шаварт шигдсэнийг татан гаргана гэдэг Монголд хамгийн анхны тохиолдол байв. Мөн усны гүнд хөндлөн таталт хийсэн нь бас л анхных. Судлаачдын хэлснээр өдөр бүр, алхам тутам аюул, эрсдэлтэй тулгарсан энэ ажлыг гардаж хийсэн нь цоо шинэ туршлага. Хамгийн гол нь туршлага байхгүй гээд айж, эмээж хойш суулгүй нүүр тулж, туулж бүтээсэн түүхэн үйл явдал болсон юм. Сүхбаатар онгоцыг татан гаргахад батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин, онцгой байдлын харьяа ангиуд, мэргэжлийн хяналт, цагдаа, хувийн аж ахуйн нэгж нийлсэн 120 гаруй хүн, том, жижиг 50 гаруй техниктэйгээр 60 гаруй хоног ажиллажээ.

Алба хаагчид усны гүн, мандал, нуурын эрэг дээр үүр хаяарахаас эхлээд үдшийн бүрий  болтол тасралтгүй ажилласан. Энэ үед заримдаа -25 хэм хүрч хүйтэрсэн ч нэг хором ажлаа зогсоогоогүй аж. Модон байшин, монгол гэрт бөмбийтөл гал түлчихээд л шөнөжин ажиллаж, хуралдсан өдөр хоногууд тэдэнд  цөөнгүй байж. Ингэж л сэтгэл, зүтгэл гаргаж тэсвэр тэвчээр зааж ажилласны хүчинд “аварга” хөлөг онгоцыг далайн гүнээс гаргаж байгаль, дэлхийгээс эхлээд хүн зоныг төсөөлөшгүй аюулаас аварлаа. Учир нь Ханх нуураас бараа, шатахуун тээвэрлэхдээ техникийн гэмтлийн улмаас осолдсон гэгддэг “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад түүнд ачсан байсан 400 гаруй литр шатахуун ус руу асгахад бэлэн болсон. Бүр шүүрч эхэлж байжээ. Олон улсын жишгээр бол 100 литр шатахуун алдагдахад 1.1 км куб усыг бохирдуулдаг. Хөвсгөл нуур 380 км куб эзлэхүүнтэй гэж тооцоход 400 гаруй литр шатахуун нуурт асгарсан бол аюул ойрхон байсныг хэлэх хэрэг юун.

1950 оноос хойш Хөвсгөл далайд 60 орчим тээврийн хэрэгсэл живсэн гэх судалгаа бий. Одоогийн байдлаар 20 гаруйг нь гаргаж авсны дотор ачаа бараа, түлш шатахуун тээвэрлэсэн машинууд зонхилж буй нь далай ээжийг аюулд оруулах эрсдэлтэй. Цаашлаад нуурын усыг бохирдуулж, эко системд нөлөөлнө гэж үзсэн учраас ийнхүү живсэн техникийг татан гаргах ажил үргэлжилж байгаа юм.

Энэ удаагийн татан гаргасан “Сүхбаатар” онгоцыг тухайн үеийн ЗХУ-д 1956 онд үйлдвэрлэжээ. “Бор-500” маркийн, 400 морины хүчтэй, уурын хөдөлгүүрт, 60 тонн даацтай, 40 хүний суудалтай усан онгоц юм. Хөвсгөл усан замын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ханх суманд угсарч ашиглалтад оруулж байжээ. ОХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэсэн байна.

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татах гаргах ажиллагааны талаар зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Ж.Чүлтэмсүрэн: ДЭЛХИЙН ЖИШИГ БОЛОН МОНГОЛЫН БОЛОМЖИД НИЙЦҮҮЛСЭН  ТЕХНОЛОГИЙН КАРТЫН ДАГУУ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЛАА

/Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ахлагч ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа/

-Хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар татан гаргалаа. Анхны тохиолдол учраас живсэн хөлгийг татан гаргах туршлага, энэ чиглэлээр мэргэшсэн инженер техникийн ажилчид байгаагүй. Гэхдээ бид дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу амжилттай ажиллалаа. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан  гаргах үе шаттай ажлын эхлэл нь “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа. Цаашид нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх суурь судалгааг хийж, татан гаргах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгаа хийх, “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргаж байсан.  Мөн  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мөн зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Эрдэмтдийн тооцоо  судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, ажиллагаанд оролцсон алба хаагчдынхаа ур чадвараар бахархаж байна.

Ц.Ганхөлөг: МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧДЫН УР ЧАДВАР, БАГААР АЖИЛЛАСНЫ ХҮЧЭЭР АРД НЬ ГАРЛАА

/Ажиллагааны орлогч дарга, Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, хурандаа/

-Хөлөг онгоцыг татан гаргана гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийчихдэг ажил биш. Энэ ажлыг эхлүүлэхийн өмнө 40 гаруй хоног газар орон дээр ирж хоёр удаа судалж, аргачлалыг боловсруулсны дагуу бүх эрсдлийг тооцож төлөвлөсөн. Зэвсэгт хүчний дөрвөн анги, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамтран ажиллалаа. Мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн арга барил, ур чадвар, багаар ажилласны хүчээр энэ ажлын ард гарлаа. Таталт болгон дээр инженерийн тооцоо судалгаа, шийдэл гаргасан. Татсаны дараа төлөвлөгөөгөө өөрчлөх үү, ямар эрсдэлтэй зэргийг дор бүр нь нарийн ярилцаж шийдвэр гаргаж байлаа. Ажиллаж байгаа шумбагч, техникийг ажиллуулж байгаа инженер гээд багийн нийт гишүүдийн дадлага, ур чадварт итгэж энд ирсэн. Хийж чадна ч гэж итгэсэн. Энд ажилласан залуус ихэвчлэн 20-40 насныхан байна. Мэргэшсэн багш нар ч байна. Залуус маань өглөө бүр эрч хүчтэй ажиллахыг хараад эрхгүй бахархаж байлаа. Хүйтэрч эхэлсэн учраас цаг хугацаанд ч шахагдлаа. Хүнд нөхцөлд ч гэсэн хийхээс аргагүй байлаа. Монгол залуус гайхалтай дасан зохицох чадвартай. Байгаль цаг уур, өдөр тутмын ажилдаа ч маш хурдан дасан зохицлоо.

Б.Ганболд: УСЧИН АВРАГЧИД 530 ЦАГ буюу 22 ХОНОГИЙН БҮТЭН ШУМБАЛТ ХИЙСЭН

/Шумбалтын ахлах удирдагч, ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа/

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эмч, зааварлагч, удирдагч, шумбагч  нийлсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй шумбалтын ажиллагааг зохион байгууллаа. 16 шумбагч 540 удаа гүн рүү шумбаж, 214 даалгавар гүйцэтгэсэн. 31800 минут, 530 цаг, 22 хоногийн бүтэн шумбалт хийсэн. Усны гүнд инженерийн ажиллагаа буюу холболт тасдах, тэлэх, мултлах бүх ажиллагааг хийсэн. Мөн билаз, ковшын даац авах дугуйг усан дотор 12-16 метрийн гүнд даралтын хоолойгоор хийлэх зэргээр урьд өмнө Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаагүй даалгавруудыг гүйцэтгэлээ.

Хөвсгөл, Үндэсний аврах бригадын шумбагч ажиллалаа. Хувцас, усны хооронд агаар гүйлгэхгүй бол хөлдөх, осгох эрсдэлтэй байсан. Хувцас хэрэглэлээс илүү аврагчдын ур чадварт найдсан. 16-18 метрийн гүнд шумбахдаа живсэн хөлөг онгоцноос цааш 20-25 метр тандалтын шумбалт хийлгэсэн. Хязгаараас 50-иад метр давж шумбасан гэсэн үг. Алхам тутамдаа эрсдэлтэй тулгарч байсан. Хөдөлмөр аюулгүй байдлыг хангах зөвлөмж, хяналтаа маш сайн хэрэгжүүлж аврагчдын аюулгүй байдлаа бүрэн хангасан. Хамгийн түрүүнд гар болон хөлийн хуруу бээрдэг. Тиймээс байнгын хөдөлгөөнтэй байхаас гадна даралтаа тэнцвэржүүлэх зэргээр олон төрлийн мэдлэг, ур чадвар шаардана.

Алба хаагчдын бие бялдар, эрүүл мэнд, сэтгэлзүйн бэлтгэлийг өдөр бүр хянадаг. Гэхдээ усанд сэлэх өөр хэрэг. Далайн гүнд инженер техникийн ажил хийнэ гэдэг амаргүй. Хамгийн хүйтэн, хамгийн гүн далайд шумбасан, намар ирээд өвөл буцахдаа 50 хоног тасралтгүй ажилласан эгэл хөвгүүд энд бий. Хүйтэнд техникүүдийн бэлэн байдлыг хангаж, үүрэг даалгавраа алдаа мадаггүй биелүүлнэ гэдэг онцгой ур чадвар юм. Үүнд л найдсан гэдгийг ажиллагааны удирдагчид хэлж байлаа. Тиймээс удирдлагын түвшинд маш сайн бэлтгэгдэж, онцгой, зэвсэгт хүчин гэсэн хоёр тал байхгүй. Нэг завин дээр суусан нэг баг болж ажилласны хүчинд тушаал сонсч, үүрэг хүлээсэн цэрэг эрс, зорилгоо биелүүлж, түүх бүтээлцээд буцахад бэлэн болжээ.  Монгол Улсад байгаа хараа булаасан хамгийн цэнгэг нуураа унаган төрхөөр нь хадгалах алхмыг амжилттай хийсэн багийг Монголын хамгийн шилдэг “Тэнгисийн цэргийн флот” хэмээн зүйрлэж, бахархмаар санагдсанаа нуух юун.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.11.8 ДАВАА № 218 (6695)

scroll to top