Аюулт үзэгдэл, ослын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал:  13,14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2. Ахуйн гал түймэр:

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2021.11.09-ний 12:45 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан очиж, 12:52 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Усны осол:

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Хармай багийн Тэнгис гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Шишгэд голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын алба хаагчид Цагааннуур сумын төвөөс Хармай багийн “Тэнгис”  гэдэг газрын чиглэлд нүүдэл хийн “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нар Шишгэд голын мөс цөмөрч живсэн тул автомашиныг татан гаргахаар 11.10-ны өдрийн 01:00 цагт Цагааннуур сумын чиглэлд явсан. 

4. Төөрсөн, сураггүй болсон:

Ховд аймгийн дуут сум, Цагаан бургас багийн Агуйт хайрхан гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т / малчин Н 2021.11.08-ны өдрийн 09:00 цагийн орчим малаа хариулахаар морьтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэндийн төвийн нийт 15 хүн, 2 автомашин, 1 мотоциклоор малчин Н /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.09-ний өдрийн 09:25 цагт тус багийн “Хонгорын-Эх халзан” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 13 км/-аас цогцсыг олсон тухай мэдээллийг сумын Засаг дарга 10:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top