Монгол Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн санхүүжүүлттэй холбоотой хууль эрх зүй, бодлого, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эдгээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн дунд хугацааны явцын үнэлгээний уулзалт өнөөдөр эхэллээ.
Тус уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтийг гол оролцогч талуудад танилцуулж, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
Хуралдааныг нээж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал сөрөг нөлөө учруулж байгаа хэдий ч явцын эхний үр дүн гарч судалгаа, сургалт, хэлэлцүүлгүүд амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүх оролцогч талууд амжилттай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна” гэв.
Дунд хугацааны үнэлгээний хуралдаан гурван өдөр үргэлжилнэ.
Хуралдааны төгсгөлд төслийн техникийн баг шинэчилсэн ажлын төлөвлөгөө, төслийн Удирдах хорооны 2 дугаар хуралдааны бэлтгэл, эдгээр уулзалтаас гарах шинэ мэдээллийг тусгасан явцын 2 дугаар тайлангийн шинэчилсэн хувилбар, Азийн хөгжлийн банкны дунд хугацааны үнэлгээний санамж бичгийг боловсруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.