Аюулт үзэгдэл, ослын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Өвөрхангай аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, тал, хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Майхантын-Өтөг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 9 км-т/   11.16-ны өдрийн 00:20 цагт малчин айлын амбаар, хашаа шатсан. Малчин Б-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 11.16-ны өдрийн 10:43 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 23 км зам туулан 13:03 цагт очиход иргэн А-ийн “Кровн” загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Эрдэм” хотхон орон сууцны байрны зоорийн давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:46 цагт очиход 10  дугаар байрны зоорийн давхарт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 18:51 цагт очиход иргэн П-ын “Кровн” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 19:40 цагт очиход иргэн С-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 23:32 цагт очиход иргэн Б-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 05:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 05:43 цагт очиход иргэн Б-ын 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.       

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:         

    Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн “Булингарын хар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 23 км-т, Ө-45°21’00.0”, У-95°47’24.0”/ 11.16-ны өдрийн 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 17:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн “Бургасны хүрээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Ховд аймгийн Жаргалант сумаас Говь-Алтай аймгийн Бугат сумын чиглэлд зорчиж явсан 4 иргэн, 1 автомашинтай сураггүй болсон тухай мэдээллийг 11.16-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Бугат сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат иргэн Д /34 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/, Ө /32 настай, эмэгтэй/, Л /31 настай, эмэгтэй/ нарыг 11.16-ны өдрийн 15:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:00 цагт Бугат сумын Биж багийн “Бор гүвээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/-аас эсэн мэнд олсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

 Бусад төрлийн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Задгай”-д шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд 3 хүн цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 28.5 км зам туулан 18:02 цагт очиход “Өсөх трейд” ХХК-ийн “Норд бенз” загварын шатахуун тээвэрлэгч автомашины 60 тонны багтаамжтай шатахууны савыг цэвэрлэж байсан нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн П /27 настай, эрэгтэй/  нар ухаан алдсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top