Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт цас орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Аяганы хонхор багийн нутаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:48 цагт очиход “ДаДа Констрашн” ХХК-ийн жолооч Ш-ийн “Фав-СА4250 Шланз” загварын ачааны автомашины тээвэрлэж явсан 60 тн нүүрс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. /Автомашин гал түймэрт өртөөгүй/

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн 196-р зөрлөгийн дэргэд Баян-Уул гэдэг газар зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 23:44 цагт очиход “Төгс зам” ХХК-ийн зам ангийн 10×4 метрийн хэмжээтэй 40 тонны зөөврийн сууц шатаж байсныг 56 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанБулган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн Ойчид хэсэгт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:03 цагт очиход иргэн С-ийн хашаанд хураалттай 1 тн өвс шатаж байсныг 53 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн Дөмбөн хэсгийн задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 12:38 цагт очиход иргэн Б-гийн 4 м хашаа, 1 га газар шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 12:53 цагт очиход иргэн Д-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж байсныг 40 минут цаг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар 11.17-ны өдрийн 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж 1 хүүхэд нас барсан тухай мэдээллийг 11.17-ны өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр шатаж уг гал түймэрт А /8 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг тогтоосон.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:11 цагт очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 8 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:37 цагт очиход иргэн Ц-гийн 25 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top