Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар зарим үед 16-18 м/с, түр зуур 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-ний өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-ны өдөр говь, талын нутгаар, 23-ны өдөр Алтайн салбар уулсаар, 24-ний өдөр зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Цемент шохой” ХК-ийн уулын үйлдвэрийн 1 дүгээр орд ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:12 цагт очиход 3×9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Шижир хэсгийн 2 дугаар гудамжинд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 271 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Иргэн Э-ийн байшин 11.20-ны өдрийн 07:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:40 цагт хүлээн авсан.  Гал түймэрт иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн “Өндөр-Ээж” цайны газрын авто зогсоол нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:13 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд Х-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинд тээвэрлэж явсан 60 тн нүүрснээс 6 тн орчим нүүрс шатаж байсныг 26 минут ажиллан унтраасан.          

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:14 цагт очиход иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн “Хишиг” супер маркетын авто зогсоол ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:46 цагт очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашинд тээвэрлэж явсан 60 тн нүүрснээс 10 тн орчим нүүрс шатсан байсныг 38 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Орбитын 29 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 22:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:34 цагт очиход иргэн Ү-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Орхоны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:40 цагт очиход иргэн Н-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.            

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 10 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Э-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.   

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 10 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.21-ний өдрийн 00:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:49 цагт очиход иргэн Б-ын 3х4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур багийн “Шар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ Малчин Ж 11.19-ний өдрийн 12:00 цагийн орчим мал хариулахаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Ж/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.20-ны өдрийн 13:15 цагт тус сумын “Дээд хаалга” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай, мориндоо чирэгдсэн байж болзошгүй/-аас цогцсыг нь олж тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Богд-Уул”-ын “Төр хурхын-Ам” гэдэг газар, “Төр хуралдай” амралтын газрын орчимд 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчид 36 км замыг туулан 23:45 цагт очиж, иргэн Т /54 настай, эрэгтэй/-ийг тус амралтын газраас “Төмөр замын гарам”, “Хонхор” гэдэг газрын орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн мөрдөгчөөр ахлуулсан бүрэлдэхүүнээс тухайн иргэн гэртээ эсэн мэнд ирсэн тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг 11.21-ний өдрийн 01:40 цагт зогсоосон.

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн “Бага газрын чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус аймгийн Гурвансайхан сумын Илгэн багийн Илгэн бригад гэдэг газрын чиглэлд 11.20-ны өдрийн 12:00 цагийн орчим 2 хүн мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ц /31 настай, эрэгтэй/, иргэн Б /28 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 11.12-ны өдрийн 01:30 цагаас зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж 04:10 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top