Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж 6-11 м/с, 3-5 градус  хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 30, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Задгай”-д сайжруулсан шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 08:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9.5 км зам туулан 08:52 цагт очиход 7 орчим тонн сайжруулсан шахмал түлш шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

түймэр – Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн 3 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн барилга шатсан тухай мэдээллийг 11.26-ны өдрийн 12:19 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн О-ын Дөл дэлгүүрийн 10х8 метрийн хэмжээтэй барилга шатаж байсныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 13:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:50 цагт очиход иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Задгай”-д авто замын зорчих хэсэгт Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 17:14 цагт очиход иргэн Г-ын 3 “Чруслер” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 63 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 19:40 цагт очиход иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй байшин, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т, Ө-51°20’24.0” У-100°17’24.0”/ 11.26-ны өдрийн 21:31 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 21:39 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.    

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар / сумын төвөөс баруун хойд зүгт 4 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 11.26-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид 4 км замыг туулан  16:52 цагт очиход Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Кондор” загварын ачааны автомашинтай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн И /29 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.    

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай”-д 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 11.26-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 5.5 км зам туулан 17:50 цагт очиход Улаанбаатар хотоос Тэрэлжийн  чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан  иргэн Т-ийн “Портер” загварын ачааны автомашинтай, Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ийн “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлдөж ачааны автомашины жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т /39 настай, эрэгтэй/, суудлын автомашины жолооч Багануур дүүргийн харьяат Ч /27 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.   

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Учиг хороолол /аймгийн төвөөс хойд зүгт 65 км, сумын төвд/ Төмөрбулаг сумын харьяат иргэн Э 11.18-ны өдрийн 11:00 цагийн үед гэр лүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /19 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулж 11.26-ны өдрийн 13:08 цагт тус сумын Цагаанбургас багийн “Хавиргын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  /Модноос дүүжлэгдэж нас барсан байсан/  

Мөс цөмөрсөн: Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хөх тээлийн тасаг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ “Хар-Ус” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрсний улмаас усанд суусан тухай мэдээллийг 11.26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Г/50 настай, эрэгтэй/ мал эрж Хар-Ус нуурын мөсөөр зорчиж яваад нуурын баруун эргээс 10 км-т мөс цөмөрч автомашин нь усанд суусан тул 11.27-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг ажиллаж автомашиныг татан гаргахаар болсон тухай мэдээллийг 11.26-ны өдрийн 18:20 цагт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top