ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран “Аж ахуйн нэгж, байгууллагад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах сургалтын модуль, гарын авлагаар сургагч багш бэлтгэх” сургалтыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын төвд зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Улаан загалмайн дунд шатны хорооны арга зүйч нарын 42 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.
Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, эрхзүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, дагаж мөрдөх журам, заавар, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, аж, ахуйн нэгж байгууллагын ажлын тусгай горимд шилжин ажиллах төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, чадавхжууллаа.
Сургалтын төгсгөлд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.