Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтэйн уулс, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд Улз, Халх голын хөндийгөөр, 4-нд Монгол-Алтай, Хархираа, Түргэн, Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 3-нд тал, хээрийн нутгаар, 4-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:19 цагт очиход иргэн С-ийн 8×6 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн хогийн цэгийн зүүн талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 03:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 03:50 цагт очиход Шарга морьтын зуслангийн Тарвагатайн-Амны эзэмшигч нь тодорхойгүй 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 12.02-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ. /Автомашины жолооч өөрөө гарсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top