Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд баг “Ивээл” дэлгүүрийн баруун талд /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км-т/ Том оврын ачааны автомашины чингэлэгний доод хэсгээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 120 км замыг туулан 02:20 цагт очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд 40 тн шахмал түлш тээвэрлэж явсан жолооч М-ын “Норд бенз” загварын ачааны автомашины чингэлэгний доод хэсэгт шахмал түлш шатаж байсныг 01:52 цаг ажиллан унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 16 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 08:07 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 08:13 цагт очиход иргэн А-ын 3 өрөө байранд эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.  Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 01:56 цагт очиход иргэн Х-ын 8х20 метрийн хэмжээтэй угаалгын газрын дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар баг “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 57 км-т, Ө-45°51’36.0” У-113°20’24.0”/  12.05-ны өдрийн 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 19:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Эмүжин эмнэлгийн урд 31-1 дүгээр байрны дээврээс эрэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 23:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 5.5 км замыг туулан 23:45 цагт очиход иргэн А /52 настай, эрэгтэй/ өөрөө буусан байсан.

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т Шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулсан.12:06-ны өдрийн 08:30 цагт дахин эхлүүлнэ.  /Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байна. /

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top