Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ.  Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант багийн 2-2 тоотод /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 300 км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 45 км/-т дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 03:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 45 км замыг туулан 04:03 цагт очиж иргэн Т-ын 12х8 метрийн хэмжээтэй “Их-Овоо” хүнсний дэлгүүрийн 2 давхар барилга шатаж байсныг 12:00 цаг ажиллан 15:03 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Нарстай-Ам” багийн “Ерөө голын -Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 12:27 цагт очиход иргэн Э-ийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4×6 метрийн хэмжээтэй граж, “Портер” загварын автомашин тус тус шатаж байсныг 01:33 цаг ажиллан унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн задгайд /аймгийн төөвөөс баруун зүгт 403 км, сумын төвөөс урд зүгт 3км/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:05 цагт очиход иргэн Д-ын хашаанд хураалттай 15 тн /600 боодол/ өвс шатаж байсныг 03:38 цаг ажиллан 18:43 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Сэврэй-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 216 км, сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т, Ө-43°48’00.0”, У-101°49’48.0”/ 12.09-ний өдрийн 00:46 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:54 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Хойд жаргалант” нууранд завьтайгаар 12.08-ны өдрийн 08:30 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан.12.09-ний өдрийн 08 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. /Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын мөс зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ 3-5 см орчим зузаантай байна. /       

Ховд аймгийн Дөргөн сумын Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далай нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т Иргэн Э / 38 настай, эрэгтэй/ 12.06-ны өдрийн 23:00 цагт Дөргөн сумаас “Агууш-Арал” гэдэг газар руу /мотоциклтой/ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын иргэд 100 км зам туулан 13:30 цагт очиж тус сумын “Уур барагдаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 2 км-т/ Далай нуурын эргээс 2 км, 5 метр гүнд живсэн байсан цогцосыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top