Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон:Дорноговь аймаг, Хатанбулаг сум. Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т тус сумын харьяат иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Цагдаагийн тасаг, 0168 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12.10-ны өдрийн 10:15 цагаас эхлэн тус сумын 2 дугаар багийн нутаг “Эргэлийн зоо” гэдэг газраас “Сангийн-Овоо”, “Баянцав”, “Аман-Усны хяр”, “Аман-Ус”, “Төгрөг худаг” гэдэг газруудаар явганаар болон автомашинтайгаар 60 км-т зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цаг түр зогсоосон. 12.11-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top