Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар цас орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Дуурлиг багийн “Онон” хороололд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 10:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 10:05 цагт очиход иргэн Б-гийн “Старикс” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хороо, Баганарангийн 40 дүгээр гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 11:48 цагт очиход иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум. Цамбагарав  баг 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 12:46 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:53 цагт очиход иргэн М-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 18 дугаар хороонд шинээр баригдаж буй барилгын гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 15:08 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:20 цагт очиход баригдаж буй барилгын 3 дугаар давхарт 2х3 хэмжээтэй тагт, 3,8 дугаар давхрын гадна фасад шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жинст баг дахь Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 20:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:04 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, Дарь-Эхийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 20:09 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:17 цагт очиход иргэн Т-ын 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 1 дүгээр багийн Төмөр замчдын гудамжинд дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 23:59 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 00:02 цагт очиход иргэн Э-гийн барааны дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 1 цаг 44 минут ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажилласан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 2 дугаар хороо, 7/1 дүгээр байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 22:52 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:55 цагт очиход тус байрны 1 дүгээр давхарт хог, 4 дүгээр давхарт буйдан шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. /Утаажилтын бүсээс 45 иргэнийг гаргасан/

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон:Дорноговь аймаг, Хатанбулаг сум. Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т тус сумын харьяат иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус сумын 2 дугаар багийн нутаг “Эргэлийн зоо” гэдэг газраас “Сангийн-Овоо”, “Баянцав”, “Аман-Усны хяр”, “Аман-Ус”, “Төгрөг худаг” гэдэг газруудаар явганаар болон автомашинтайгаар зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:40 цаг түр зогсоосон. 12.12-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Галшар сум. Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ малчин А 12.08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А/45 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Зүүн-Өлзийт”, “Эрээний-Уул”, “Тосонгийн тал” гэдэг газар зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Цас шаварт суусан: Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Оргих багийн “Дээд харганы-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т / ачааны автомашин “Идэр” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан.    

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 44 км зам туулан 15:00 цагт очиж, иргэн М-ын “Хантер” загварын ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргаж, хүлээлгэн өгсөн.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top