Азийн гамшгийн аюулыг бууруулах төвөөс Бүгд Найрамдах Тажикистан Улстай хамтран энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2021” арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Бага хурал нь “Өөрчлөлт, шинэчлэлтийн цаг: Гамшигт тэсвэртэй Ази руу хүрэх зам” сэдвийн хүрээнд цахимаар явагдаж байгаа бөгөөд Азийн 29 орноос 270 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Япон Улсын Засгийн газрын гишүүн, Гамшгийн удирдлагын сайд ноён Ниноюу Сатоши нээж хэлсэн үгэндээ, “Гамшигт тэсвэртэй Азийн нэг орон болохын төлөө Япон Улс ирэх 5 жилд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюул, эрсдэлийг бууруулахад 15 тэрбум иенийг зарцуулна. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь чухлыг дурдаад техник, технологийг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шуурхай хариу хэмжээ авахад өргөнөөр ашиглаж байгааг онцлон тэмдэглэлээ”.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори “Өнгөрөн одож буй 2021 онд гамшиг, ослын улмаас 30 гаруй сая хүн орон гэргүй болсоны 72 хувь нь Ази, номхон далайн бүс нутагт байна. Иймээс Азийн бүс нутаг нь цаг уурын эрсдэлийн өгөгдөл, мэдээг гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтад өргөнөөр ашиглах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд жендэрийн оролцоог хангаж, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш оролцуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь чухал алхам болно” гэлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өндөр түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар оролцогчдод мэдээлэл танилцуулсан юм.
Хурал аюулгүй амьдрахад тохиромжтой нийгмийг бий болгохын тулд орон нутгийн хэрэгцээнд нийцсэн гамшгийн эрсдэлийг бууруулах технологийг хөгжүүлэх нь, гамшгийн эрсдэлийг бууруулах, идэвхтэй үйл ажиллагаа дэмжих, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх нь болон гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгоход хөрөнгө оруулах нь сэдвийн хүрээнд үргэлжлэн явагдаж байна.
Хурлын үеэр зохион байгуулагдсан Азийн гамшгийн аюулыг бууруулах төвийн Удирдах зөвлөлийн хуралд ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа оролцлоо.
Хурлаар төвийн 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэлэлцэж, 2022 онд гишүүн орнуудыг дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж, тус төвөөс бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад гишүүн орнуудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын еөрнхий газраас мэдээллээ.